Ангиар нэг тарсан тоглоом дунд энд тэндгүй уйлсан жаалууд. Заримынх нь нүүрэнд ганц хоёроор тогтохгүй маажуулсан сорви харагдана. Энэ бол Баянзүрх дүүргийн хэмжээнд томоохонд тооцогдох 129-р цэцэрлэгийн нэгэн ангид ороход харагдах дүр зураг. .
Цэцэрлэгийн багш, удирдлагын хооронд үүссэн маргаан наймдугаар сараас эхтэй бөгөөд цалин, үр дүнгийн урамшууллыг журмын дагуу олгодоггүй, цэцэрлэгийн тогооч нар Итгэлт хамбад мөргөхөөр яваад ирээгүйн улмаас 600 гаруй хүүхдийг дутуу хооллосон, цэцэрлэгийн эрхлэгч хахууль авдаг, 24.5 сая төгрөг завшсан гэх мэт маргаан явсаар эцэг, эхчүүд эсэргүүцэл зарлах, багш нар захирлаа, захирал нь багш нараа шүүхэд өгөх хэмжээнд хүрээд байгаа юм.
Долоо хоногт гурван багш солигдлоо. Дунд нь хүүхдүүд хохирч байна
Биднийг очиход цэцэрлэгийн тарах цаг болж, эцэг, эхчүүд хүүхдүүдээ авахаар ирсэн байлаа.
“Манай хүүхдийн ангийн багшийг сүүлийн долоо хоногт гурван удаа солилоо. Багш солигдсон эхний өдөр хүүхдийн маань хамар руу хүүхэд юм чихчихсэн байсан. Өчигдөр гэхэд нүүрэндээ гурван хэсэгт маажуулаад ирсэн. Шинэ багш нар хүүхдүүдийнхээ нэр, таних тэмдгийг мэдэхгүй, яаж харьцах учраа ч олохгүй, үндсэндээ ажилдаа анхаарч чадахгүй байна. Хүүхдүүд хөөрхөн дуу, шүлэг сураад, шулганадаг байсан. Одоо гэтэл цэцэрлэгтээ явах дургүй болж байна. Бид хуучин багшийг ямар шалтгаанаар халсан юм бэ гэдгийг эрхлэгчээс нь асуухаар “Дуу, хөгжмийн багшгүй болсон учраас тэр ажилд томилсон” гэдэг. Гэтэл өмнөх дуу, хөгжмийн багш нь “Намайг ямар ч шалтгаангүйгээр халсан” гээд байгаа. Өнөөдөр ангийн ахлах багш нь хүүхдүүддээ илүү анхаарч, хүмүүжүүлэх ёстой байтал туслах багш нь цэвэрлэгээ, үйлчилгээгээ хийх ч завгүйгээр хүүхдүүдтэй ажиллаж байна. Хүүхдүүд ийм хүнд нөхцөлд хүмүүжиж байгааг цэцэрлэгийн удирдлагад бид эхлээд хэлсэн. Хүлээж авахгүй болохоор нь хэвлэлийн бага хурал хийсэн. Гол нь багш, удирдлага хоорондын таарамжгүй харилцаанаас болж, хүүхдүүд хохирч байна гэдгийг л ойлгуулахыг хүссэн” хэмээн тус ангийн эцэг, эхийн төлөөлөл Г.Энхтогтох учирлав.
Яг энэ бүлгийн ангийн багшаар ажиллаж байсан А.Отгонбаяртай бид уулзаж, байр суурийг нь сонслоо. Тэрбээр “Би өмнө нь энэ цэцэрлэгт дуу, хөгжмийн багшаар ажиллаж байсан юм. Улмаар Сургуулийн өмнөх боловсролын багшийн сургуульд суралцаж, төгсөөд удирдлагадаа бүлгийн багшаар ажиллах өргөдөл өгсөн. Энэ жилийн есдүгээр сарын 1-нээс жирэмсний амралтаа авах гэж байгаа хүний оронд энэ бага бүлгийг аваарай гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг болтол надтай ямар ч хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Хамт олон маань нэгдэж, удирдлагадаа үзэл бодлоо илэрхийлэхэд нь би адилхан нэгдсэн. Ингэсний төлөө намайг “Дуу, хөгжмийн багшийн ажлаа хий” гээд мэргэжлийн дипломгүй багшид ангийг маань өгсөн. Одоогоор гурван багш солигдоод байна. Бага ангиа хүлээж аваад, намраас хойш хоёр сарын хугацаа өнгөрөхөд хичээлийн ямар ч хэрэглэгдэхүүн байгаагүй. Тийм болохоор эцэг, эхчүүд маань хуралдаад, цай, хоол идэх аяга, унтах дэвсгэр, тоглоом зэргийг авч өгсөн. Гэтэл цэцэрлэгийн удирдлагаас “Дур мэдэн мөнгө хураасан” гээд цалингийн 20 хувиар торгосон” гэж ярилаа.
Ариун цэврийн өрөөнөөс байнга бохир гоождог
Тус цэцэрлэгийн удирдлага 30 хүүхэд суралцдаг хувилбарт сургалтын ангийг тарааж, ангийн хүүхдүүдийг бусад бүлэг рүү тав, таваар нь хувааж, 65 хүүхэдтэй ангийг 70 хүүхэдтэй болгож, хууль бус үйлдэл хийсэн тухай багш нар мөн ярив.
Цэцэрлэгийн бэлтгэл ангийн “Б” бүлэг гэхэд 61 хүүхэдтэй байжээ. Хүүхдүүдийн бие засдаг ариун цэврийн өрөөнөөс байнга бохир гоождог тухай ангийн багш Г.Сумъяа ярив. “Ноднингоос эхлээд ариун цэврийн өрөөнөөс байнга бохир гоожиж байгаа. Цэцэрлэгийн удирдлагаас өнгөрсөн жил засвар хийнэ гэж хүүхэд бүрээс 15 мянган төгрөг татсан. Өмнөх жил нь ч бас цэцэрлэгийн гадна талбайг тохижуулна гэж 15 мянган төгрөг авсан. Юу ч хийгээгүй. Ийм нөхцөлд хүүхдүүдийн дунд халдварт өвчин гарахгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Хувилбарт ангийг тарааж, манай ангид 10-аад хүүхэд нэмж өгсөн. Би удирдлагадаа “70 гаруй хүүхэдтэй ажиллаж чадахгүй” гэдгээ танилцуулсан. Тэгсэн чинь “Миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол тушаалаар арга хэмжээ авна. Төлбөрийн акт тавина” гэж хэлсэн. Гэхдээ сүүлд буцаагаад бэлтгэл бүлгийн хүүхдүүдийг хамруулдаг хувилбарт ангиа нээсэн’ хэмээн Г.Сумъяа багш яриагаа үргэлжлүүлэв.
Ө.АЛДАРМАА: Би 24.5 сая төгрөг ЗАВШААГҮЙ
Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс 129-р цэцэрлэгийн эрхлэгч Ө.Алдармаатай уулзах гэсэн боловч ‘Гадуур ажилтай, эзгүй байна’ гэсэн тайлбарыг жижүүр хэллээ.
Иймээс түүнтэй утсаар холбогдож, дээрх мэдээллүүдтэй холбоотойгоор байр суурийг нь авсан юм. Ө.Алдармаа эрхлэгч ингэж ярив.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй мэдээлэл цацагдаж байгаад гомдолтой байна. Хувь хүний болон байгууллагын нэр төрд бүдүүлгээр халдаж байна. Зарим хүмүүсийн гомдлын дагуу Мэргэжлийн хяналтын газар, Аудит, Авлигатай тэмцэх газраас манай дээр шалгалт хийж, дүгнэлтээ гаргасан. Тэр дүгнэлтээр намайг яриад байгаа 24.5 сая төгрөгийг завшсан зүйл байхгүй гэдгийг тогтоосон. Мэргэжлийн эрх бүхий байгууллагууд нь шалгаад, дүгнэлтээ гаргачихсан байна шүү дээ. Гэтэл хувь хүнд таалагдаагүйнх нь төлөө байгууллагын нэр хүндтэй холбоотой сөрөг мэдээлэл гаргаж байгаа нь буруу юм. Би гомдолтой байгаа. Манай цэцэрлэгийн гурав, дөрвөн багш хүүхдүүдээр нь дамжуулан эцэг, эхчүүдээр ямар хаяг, толгойгүй цаасан дээр гарын үсэг зуруулсан байна билээ. Тэрийгээ олон хувиар өсгөн ярьж байна” гэв.
Гэрэл зургийг Э.Энхбат