Эрдэс баялгийн ашиглалтад оюунлаг толгой үгүйлэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Эрдэс баялгийн ашиглалтад оюунлаг толгой үгүйлэгдэж байна

“Miner” зочноороо Монголын Ашигт малтмал баяжуулагчдын холбооны хүндэт Ерөнхийлөгч, доктор М.Дамдинсүрэнг урилаа. Тэрбээр “Зэс, молибдений хүдрийг хөвүүлэн баяжуулах аргаар зэсийн хоёрдогч сульфидыг анхдагч сульфидээс хэрхэн салгаж, зэсийн супер баяжмал гаргах шинжилгээ технологи” гэсэн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан
мэргэжилтэн юм.

Уул уурхайн мэргэжлийг хэрхэн сонгосон дурсамжаас тань яриагаа эхэлье?

Тухайн үед уул уурхайн мэргэжил сонгохдоо тодорхой ойлголт, зорилготой байсангүй. Одоо бодоход их зөв сонголт хийсэн байгаа юм. Монгол маань ихээхэн баялагтай орон. Уул уурхай дотроо олон нарийн мэргэжилтэй. Миний хувьд эрдэс боловсруулалтын хэсэгт хамаарна. Баяжуулалт бол боловсруулалтын хамгийн анхан шатны дамжлага нь. Би Москвагийн Уул уурхайн дээд сургуульд ашигт малтмал, металургийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн юм. Ажил амьдралынхаа гарааг Налайхын их уурхайгаас слесарь, ээлжийн мастераар эхэлж байлаа. Биднийг үйлдвэрийн хамгийн доод дамжлагаас эхлэн практик дээр бүхнийг сургана. Одоо л үгүй болчихоод байгаагаас биш энэ нь их зөв, сайн арга байсан юм. Их сургуулиас онолын мэдлэг авдаг бол амьдралын дадлага гэдэг өөрөө бас нэг том их сургууль. Улс орны маань өнөөгийн хөгжилд уул уурхай, геологийн мэргэжил эзэмшсэн хүмүүсийн хэрэгцээ шаардлага асар их болж байна. Залуучууд ч энэ чиглэлээр суралцах, мэргэжил эзэмших зорилготой болж байна. Ийм хүсэл эрмэлзэл харагдаж байна. Энэ нь цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдсан зөв эрмэлзэл тэмүүлэл юм.

Салбарын эрдэмтний хувьд уул уурхайн өнөөгийн хөгжлийг хэрхэн тодорхойлох вэ?

Уул уурхайн үйлдвэрлэлийн салбарыг би залуухан гэж хэлэхгүй. Намайг сургуулиа төгсөөд ирэхэд Налайхын уурхай 40 жилийн ойгоо тэмдэглэж байлаа. Өнөөдөр манай уул уурхайн салбар хөгжлийн нэгэн шинэ үе шатандаа ирээд байна. Өнгөт металургийн чиглэлээр “Эрдэнэт” үйлдвэр, Төмөртийн овооны цайрын үйлдвэрүүд ажиллаж байна. Зургадугаар сарын 11-нд Ухаахудагт дэлхийн түвшний технологи бүхий Нүүрс баяжуулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо. Манай хуучин үйлдвэрүүд гравитаци, флотаци гэсэн хоёр технологийн аль нэгийг түлхүү ашиглаж ирсэн юм. Харин Ухаахудаг дахь шинэ үйлдвэр гравитаци-флотаци хосолсон технологийг нэвтрүүллээ. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжиж байгааг Ухаахудагийн нүүрс баяжуулах үйлдвэрийн жишээ харуулж байна.

Монгол улс стратегийн бүх ордоо ашиглах нь хэр зөв бэ?

Ашигт малтмалын стратегийн орд гэдгийг би буруу томьёолол гэж боддог. Стратегийн түүхий эд гэхээс биш стратегийн орд гэсэн ангилал дэлхийд байхгүй. Нэгдүгээр дайны үеэс л стратегийн түүхий эд гэсэн ойлголт гарсан юм. Дайны үед шаардлагатай түүхий эдийг ихээр хуримтлуулан цуглуулдаг байснаас үүдсэн хэрэг. Стратегийн түүхий эдийн хуримтлалтай ордыг стратегийн орд гэж нэрлэж болох юм. УИХ-ын баталснаар манайд стратегийн 15 ордыг нэр төрөл, нөөцөөр нь жагсаасан. Батлагдаад нэлээд хэдэн жил болчихлоо. Гэтэл Бороо зэрэг зарим ордын нөөц дуусчихаад байхад стратегийн орд гэсэн жагсаалтад бичээстэй хэвээр байх юм. Стратегийн ордууд хасагдаж, нэмэгдэх зэргээр байнга өөрчлөгдөж байх хэрэгтэй. Огт хөдөлшгүйгээр хэдэн ордын нэрийг он удаан хадгалаад байх нь буруу. Стратегийн 15 ордоо хэрхэн ашиглах талаар баримтлах бодлого чиглэл ч алга. Засгийн газраас гаргасан санал ч байхгүй байна.
Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын орд стратегийн 15 орд газарт багтдаг. 200 гаруй сая тонн фосфоритын нөөцтэй. Манай хойд хөрш ОХУ-д гэхэд л Бүрэнхааны фосфоритын бассейны хэмжээний орд байхгүй. Хятад улсад мөн адил. Бид энэ чиглэлээр нэлээд судалгаа хийж явж үзсэн. Хуучин ЗХУ-д Каратаугийн фосфоритын бассейн гэж байсан. Тэр нь ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч бие даасан улс болсон Казахстаны газар нутагт оршдог юм. Тэгэхээр манай хойд, урд хоёр хөрш улс фосфоритын түүхий эдийн нөөцөөр гачигдаж байгаа нь ойлгомжтой. Оросын хувьд Хятад шиг илэрхийгээр манай фосфоритын нөөцийг сонирхоод байгаа юм алга. Харин хятадууд нэлээд санаачилгатай байгаа нь мэдрэгддэг.

Улаан буудай, үр тариа, малын тэжээлийн ургамал ургуулахад фосфорит гол бордоо болдог. Фосфоритыг азоттой нэгтгэхэд давхар нийлмэл бордоо болно. Ийм л чухал түүхий эд. Бүрэнхааны фосфоритын ордыг шууд ухаад эхэлье гэсэн юм байхгүй шүү дээ. “Далай ээж цаазын тавцанд” нийтлэлээс үүдсэн буруу ойлголт хүмүүст байдаг юм. Фосфорит усыг бохирдуулдаг, хордуулдаг гэж хүмүүс ойлгоод байдаг. Энэ нь ямар ч ойлголтгүйг харуулж байгаа хэрэг. Хөвсгөл далайн ёроол нь өөрөө фосфорит дээр байдаг юм шүү дээ. Бохирдуулдаг бол аль хэдийнэ бохирдсон баймаар. Гэтэл Хөвсгөлийн ус яг л Байгаль далай шиг тунгалаг цэвэр хэвээр байгаа. Бүрэнхааны фосфоритын орд Хөвсгөл далайгаас 100 гаруй километр зайтай баруун урд зүгт оршдог.
Хэрвээ энэ ордыг ашиглан баяжуулах үйлдвэр байгуулж, баяжмалыг нь Эрдэнэт юм уу Чойр руу тээвэрлэн, зэс хайлуулах үйлдвэрийн металургийн хийн саармагжуулалтаас гарах хүхрийн хүчлээр боловсруулах юм бол фосфор азотын бордоо үйлдвэрлэж, хөрсний шавхагдаж байгаа үр шимийг сэлбэн сэргээгээд зогсохгүй уул уурхайн металург, химийн үр ашигтай том цогцолбор бүтээн байгуулалт болох юм. Стратегийн 15 ордод багтсан Бүрэнхааны ийм боломжит ордыг ямар ч бодлогогүйгээр хадгалж байгаа нь төрийн алдаа. Бусад стратегийн орд ч ийм л байдалтай байгаа.
Баян-Өлгийн Асгатын мөнгөний орд байна. “Монголросцветмет”-д лиценз нь байдаг. ОХУ-тай хамтран ашиглах талаар яригдсан ч нэг хэсэгтээ шуугиж байгаад л таг боллоо. Уг нь чиглэл нь их зөв байсан юм. Бороогийн орд гэхэд л нөөц нь дуусаад байна. Бороогийн алтны үндсэн орд дээр технологийн өндөр түвшний үйлдвэрлэл явагдаж, цианит натрийг байгальд хор хөнөөлгүйгээр алтны үндсэн ордын хүдрийн баяжуулалтад хэрхэн хэрэглэж болдгийг практик дээр харууллаа шүү дээ. Ордын нөөц дууссаны дараа алтны энэ үйлдвэрлэлийг ямар ордод шилжүүлэх, үйлдвэрийг цааш нь хэрхэн өргөжүүлэн ашиглах талаар төр засгийн бодлого алга…

Ярилцсан Э.Оджаргал

Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹008 (034) дугаараас уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж