Монголын төр монгол хүнтэйгээ монгол хэл, сэтгэлгээгээр ярья

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Монголын төр монгол хүнтэйгээ монгол хэл, сэтгэлгээгээр ярья

Монголын төр монгол хүнтэйгээ монгол хэл, сэтгэлгээгээр ярья

Хувь, хувьсгалын аль ч байгууллагад байгаа харийн сэтгэхүйтэй, хачин жигтэй үг хэллэгүүдийг залруулах шаардлагыг захын жишээгээр дурдъя…

Хувьсгалын байгууллагуудад ч асуудал байна. Ард түмэнтэйгээ хамгийн ойр байх цагдаа нар“Police” гэсэн машин хөлөглөж, тэмдэг зүүнэ. Дээр нь эцэг эхийн өгсөн Энхтайван, Нарантуяа гээд сайхан монгол нэрийг Enkhtaivan, Narantuya гээд латинаар биччихнэ. Эмнэлэг нь машинаа “Түргэн тусламж” гэсэн бэлэн сайхан монгол үгээ тоолгүй “Ambulance” гэсэн гадаад нэрээр орлуулчихна. Өөрийгөө өмөөрөх гэсэн нөхөд “Яаж ч бичсэн яадаг юм бэ! “Police”-оос цагдаа, “Ambulance”-аас эмч бууна. Болоо юм биш үү…!” гэж магадгүй. Болохгүй л байгаа юм даа.

Нэгд, латин үсэг мэддэггүй эмээ өвөө, хүүхэд нялхас цагдаад хандах болбол яах болж байна вэ! Латин үсэг тогтоохгүй юугаа хийсэн хоцрогдсон нөхөд вэ?! гэж буруутгаж лав болохгүй. Хоёрт, хүнээ хайрласан нийгэм ийм энгийн зүйлээс эхлэх ёстой болов уу. Гуравт, англи хэл төрийн хэл болчхоогүй, “монгол” гэдэг албан ёсны хэлтэй болохоор монголоороо л бичмээр байх юм. Ядаж төр нь түмэн олонтойгоо эх хэлээр нь харилцвал сайхан л байна байх даа.

Төрийн захиргааны байгууллагуудад “ногоон хөгжлийн асуудал”, “нийгмийн хөгжлийн асуудал”, “нэгдсэн төсвийн асуудал”, “гадаад харилцааны асуудал” мэтийг хариуцсан дарга, нэгж, мэргэжилтнүүд байдаг. Англи хэлний “specialist for, director for” мэтийг л хуулж ”асуудал хариуцах” гэдэг үг төрсөн  шиг байгаа юм. Англи хэлний 30 орчим утгатай “for”-ын гүнд нь оролгүй захын “төлөө, тулд”-ыг нь шүүрээд авчхаар л “хариуцсан” гэдэг үг аманд ороод, араас нь “асуудал” ургаа болов уу. “Асуудал” угаасаа болохгүй бүтэхгүй юмыг хэлсэн “проблем” гэдэг муухай үг шүү дээ. Тэгэхээр харийн үгийг махчилан орчуулсан эв хавгүй үгээсээ салж, өөрийнхөөрөө сэтгэж “ногоон хөгжлийн мэргэжилтэн”, “нийгмийн хөгжлийн хэлтэс”, “нэгдсэн төсвийн мэргэжилтэн”, “гадаад харилцааны дарга”-тай болчихмоор л байгаа юм. Тэгвэл тэднийг хайсан иргэд хэрэггүй олон үг хэлэхгүй амар болно. Тэд өөрсдөө ч нэрийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэр, ажлын үнэмлэх, албаны захидал дээрээ “асуудал хариуцсан” гэсэн арван зургаан үсэгтэй хоёр үг бичилгүй зай хэмнэх учиртай.

Монголоороо сэтгэх гэж хичээвч эх хэлнийхээ үг хэллэг, найруулгыг алдах үе бас байна аа. Жишээ нь,  хэдэн жилийн өмнө цаг уурынхан “Үүл буудаж бороо оруулна.” гэж яриад хөгшчүүдэд “Тэнгэрлүүгээ бууддаг монголоо алдмарууд!” гэж загнуулсан. “Нээрээ ч тийм дээ!” гээд “үүлэнд зориудаар нөлөөлөх” гэж уншиж сонсоогүй үг үүсгэсэн байна. Үүнийг дагаад “Цаг уурт зориудаар нөлөөлөх албаны үүлэнд зориудаар нөлөөлөх мэргэжилтэн үүлэнд зориудаар нөлөөлж, бороо орууллаа.” гэж нэвтрүүлэгчид ярьдаг болчихлоо. Энэ сонин үгээ “үүл задалж бороо оруулах”-аар сольчихвол арын үгс нь аяндаа цэгцрэх болов уу.    Төр, төрийн бус, олон улс, хувийн байгууллагууд англи, орос хэлний баялаг гэдэг утгатай “ресурс” гэсэн үгийг “нөөц” болгоод “хүний нөөц”-ийн ажилтан, хэлтэс, албатай болчихсон нь бас л болохгүй байгаа юм. Учир нь хожим ашиглахаар нөөж хадгалсан зүйлийг нэрлэх “нөөц”-өө одоо ажиллуулаад, баялгаа бүтээлгээд байгаад байгаа юм.

Хувь, хувьсгалын аль ч байгууллагад байгаа харийн сэтгэхүйтэй, хачин жигтэй үг хэллэгүүдийг залруулах шаардлагыг захын жишээгээр дурдсан энэхүү өгүүллэгээ ийн өндөрлөе. Үүнээс санаа авч албан байгууллага, албан тушаалын  нэрийг эртнээс цэгцэлж, эргэж нэг харахыг эрхэм түшмэдэд санал болгоё.

…Үүнээс санаа авч албан байгууллага, албан тушаалын  нэрийг эртнээс цэгцэлж, эргэж нэг харахыг эрхэм түшмэдэд санал болгоё.

Монголын төр монгол хүнтэйгээ монгол хэл, сэтгэлгээгээр ярья!

 

“Егөөтэй 99 тайлбар” номын “Монголын төр монгол хүнтэйгээ монголоор ярья!” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж