Оросын Үнэн алдартны шашны дээд байгууллага болох Архиерейскийн чуулганаар хэдэн удаа гэрлэж болох талаар эцсийн шийдийг гаргах аж. Чуулган арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 4-ний хооронд Москва хотод болно хэмээн Москвагийн Патриархийн хувраг Николай Балашов “Россия сегодня” агентлагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.
“Хэдэн удаа гэрлэлтийг бүртгэж болох, сүмд гэрлэсэн гэрлэлт гэх үү, иргэний журмаар Хуримын ордонд гэрлэлтээ батлуулсныг гэрлэлт гэх үү гээд ойлгомжгүй байдал байна. Өнөөгийн мөрдөж байгаа Үнэн алдартны шашны дэгийн дагуу үүнд хариулт өгөх зохицуулалт алга. Орчин үед хүн хэдэн ч удаа гэрлэдэг болж. Үүнд хариу өгөхийг зорьж байна” хэмээн Николай Балашов хэлсэн байна.
Энэ асуудлыг шашныхан сүүлийн хэдэн жил судалж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Үнэн алдартны сүм хоёр удаагийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, гурав дахийг зөвшөөрөхгүй байгаа.
Эх сурвалж: РИА НОВОСТИ