Исламын шашинтнууд яагаад нэгнээ хөнөөх болов?

Хуучирсан мэдээ: 2017.11.27-нд нийтлэгдсэн

Исламын шашинтнууд яагаад нэгнээ хөнөөх болов?

Исламын шашинтнууд яагаад нэгнээ хөнөөх болов?

Египетийн түүхэн дэх хамгийн аймшигтай цуст халдлага 

Синайн хойгт Египетийн Бир эл-Абед хотын Аль Рауда нэртэй Исламын нэгэн сүмд баасан гаригт /2017.11.24/ лалын хэт даврагчид цуст халдлага үйлдэж, мөргөлийн газрыг нядалгааны газар болгон хувиргаж орхижээ.

Армийн дүрэмт хувцастай, баг зүүсэн 25-30 алан хядагч сүмийн бүх гарцыг хаан, сүмд тэсрэх бөмбөг тавьж, мөргөлчдийг дэлбэлсэн байна. Тэд мөн тэсрэх бөмбөгөнд өртөөгүй хүмүүсийг автомат буугаар шүршсэн тухай айж балмагдсан гэрчүүд мэдээлжээ.

305 хүний амийг хөнөөж, 128 хүнийг шархдуулсан энэ цуст халдлагыг лалын ертөнцөд гарсан хамгийн олон хүнийг хөнөөсөн халдлага гэж ярьж байна. Амиа алдагсдын дунд 27 хүүхэд байсан талаар Египетийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Египетийн зэвсэгт хүчин болон Христийн мөргөлчид олон жилийн турш Синайн хойгийн энэ бүс нутагт Исламын сунни шашинтнуудын үймээн самууны хөлд нэрвэгдсэн. Халдлагын хариуцлагыг ямар нэгэн алан хядагч байгууллага,бүлэглэл хүлээгээгүй байгаа юм.

Халдлагын ард хэн байгаа вэ?

Халдлага гарсан Исламын сүм нь мужийн нийслэл Эл Ариш хотоос 40 км-ын зайд оршдог бөгөөд Суфи урсгалыг баримтлагч мөргөлчдийн байнга очдог газар ажээ.

Халдлагад Исламын улс бүлэглэлтэй холбоотой гэгддэг ‘Синай муж’ хэмээх алан хядагч бүлэглэлийг сэжиглэж байгаа юм. “Синай муж” бүлэглэлийг халдлагад сэжиглэх үндэслэл бий. Энэхүү бүлэглэл 2015 оны аравдугаар сард 224 зорчигчтой ОХУ-ын тийрэлтэт онгоцыг Египетийн нутаг дэвсгэр дээр унагасан билээ. Тэд бол Исламын хэт хуучинсаг урсгалыг хатуу баримтлагч салафичууд бөгөөд тэдний зарим нь Исламын улс бүлэглэлийн гишүүд юм. Салафичууд Суфи мөргөлчдөө буруу номтнууд гэж үздэг ажээ.

Суфичууд гэгээнтнийг тодруулж, ариун шүтээнд залбирдаг тул Исламын улс бүлэглэлийнхэн тэднийг буруу номтнууд гэх болсон байна. Исламын улс бүлэглэлийн харгис жихадууд (Өөрсдийгөө Исламын дайчид хэмээн цоллогчид) яг ийм  шалтгаанаар Египетийн Христийн шашинтнууд төдийгүй Иран, Иракийн Шийт шашинтнуудыг ч үзэн яддаг.

Синайн хойг нь лалын хэт хуучинсаг үзэл баримтлалт Сунни болон Суфи шашинтнуудын өлгий юм. Хэдийгээр адилхан Исламын шашинтнууд боловч шашны болон ертөнцийг үзэх үзэл нь тэс өөрийн учир Суфи шашинт мөргөлчид доромжлол, хавчлагын бай болдог байна.

Исламын улс бүлэглэл өнгөрсөн хугацаанд Суфи шашинтнуудыг онилсон халдлага олныг үйлдсэний хамгийн айшигтай нь Суфи шашны нөлөө бүхий зүтгэлтэн шейх Сулеман Абу Херазыг цаазалсан хэрэг юм. Энэ  мэтчилэн Исламын улс  бүлэглэл Өмнөд Ази, Ойрхи Дорнод дахь Суфи шашны сүм, цуглаан руу халдаж, ариун шүтээнийг нь сүйтгэж, доромжлох тохиолдол газар сайгүй гарч байжээ. 2014 онд Исламын улс бүлэглэл Сирийн  Дейр Эззор муж дахь Суфи мөргөлчдийн шүтээн булш, бунханыг сүйтгэсэн байна.

Энэ оны хоёрдугаар сард Исламын улс бүлэглэлийн гишүүн амиа золиослогч Пакистаны Синдх мужид байдаг Суфи шашинтнуудын шүтээн рүү халдах үеэр 80 хүний амийг хөнөөж, 250  хүнийг шархдуулсан. Пакистанд Суфи шашинтнуудын эсрэг халдлага байнга гардаг нь Исламын хэт даврагчид Исламын улс бүлэглэлээс гадна Талибан хөдөлгөөнийхөнтэй нийлдэгтэй холбоотой.

Египет улс даяар гашуудаж байна

Египетийн Засгийн газар халдлагад амиа алдсан хохирогчдын дурсгалыг хүндэтгэж, гурав хоногийн гашуудал зарласан.  Тус улсын ерөнхийлөгч Абдел Фаттах эл-Сиси баасан гаригт телевизээр мэдэгдэл хийж, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, халдлага үйлдэгч ‘хулчгар гэмт этгээдүүд” зохих шийтгэлээ хүлээнэ хэмээсэн байна.

Халдлага гарснаас хэдэн цагийн дараа Египетийн арми алан хядагчдын орогносон уулархаг бүсэд агаарын цохилт өгчээ. Халдлага гарсан сүм мужийн гол хотуудаас зайдуу оршдог нь алан хядагчдын хялбар бай болсон гэж үзэж байна. Сири,Иран, Ирак зэрэг улсад Исламын улс бүлэглэлийг дарж, дийлэнх газарт засгийн газрын цэргүүд хяналтаа тогтоож эхэлснээс алан хядагч бүлэглэл улам шахагдсаар одоо Египетэд хүчээ сэлбэхээр оролдож байж магадгүй гэж ажиглагчид бичиж  байна.

Халдлагын эсрэг дэлхийн улсууд нэгдэв

Исламын сүмд халдлага гарч, гэм зэмгүй мөргөлчид, энгийн ард, хүүхдүүд өртсөн нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал болсон бөгөөд дэлхийн улс орны удирдагчид алан хядагчдын эсрэг нэгдсээр байна. 

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Женс Столтенберг алан хядагчдын энэ үйлдлийг “Зэрлэг балмад” хэмээн тодорхойлсон бол Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй “Адгийн, хулчгар үйлдэл” гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп твиттер хуудаснаа “Дэлхийн улс орнууд алан хядлагыг хүлцэн тэвчихгүй. Бид тэдэнд зохих хариуг нь өгч, хэт даврагч үзэл санааг нь ор мөргүй арилгана” гэжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж