Өмнөд Солонгос улс “Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын зочид хүлээн авах бэлтгэлээ базаасаар байна. Өвлийн олимпийн наадмын нээлт болоход 74 хоног үлдсэн ч солонгосчуудын санаа зовоосон асуудал тасалбар борлуулалт хэвээр байгаа бололтой. Гэхдээ наадам дөхөөд ирэхээр тасалбарын эрэлт нэмэгдэнэ гэж зохион байгуулагчид үзэж байна. Хэдийгээр борлуулалт санасан хэмжээнд биш байгаа ч орон нутагт олимпийн наадмыг сурталчилсан арга хэмжээг идэвхтэй үргэлжлүүлж байгаа нь тасалбар худалдаж авахад нөлөөлнө гэж итгэж байгаа ажээ.
Умард Солонгосын зүгээс үзүүлж буй элдэв явуулга олимпийн наадамд их, бага ямар нэгэн хэмжээгээр нөлөөлсөөр байгаа аж. Аливаа эрсдлээс сэргийлэх үүднээс онцгой нөхцөлд хэрэгжүүлэх нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг өмнөдүүд загварчлан гаргасан гэгдэж буй.
Гэсэн ч цөмийн туршилтаас болгоомжлох үүднээс аюултай бүсэд тамирчдаа илгээх нь зүйтэй эсэхийг Франц улс хөндөж эхэлсэн байна. Мөн Их Британийн баг онцгой нөхцөлд хэрэгжүүлэх нүүлгэн шилжүүлэх зөвлөгөөг албан ёсоор авч, судалж эхэлжээ. Энэ мэтчилэн өндөр зэрэглэлийн тамирчдаа аюултай бүс рүү явуулах эсэх асуудлыг зарим улс, орнууд хөндөж байгаа аж.
Олон улсын нисэх буудлыг Пёнчан хоттой холбох хурдны галт тэргийн ажил урагштай яваа талаар албаныхан мэдээлсэн байна. Өмнөдийн Засгийн газраас олимпийн тэмцээн болох газруудад үүрэн холбооны 5G сүлжээ турших зэрэг технологийн шинэ шийдлүүдийг нээсээр байна.
Ямартай ч наадам дөхөж буй энэ өдрүүдэд дотоод, гадаадын жуулчдыг татах арга хэмжээг Өмнөд Солонгосын хотуудад идэвхтэй зохион байгуулсаар байна.
Өвлийн олимп зохион байгуулах хорооноос тус бүр нь 149 мянган вон буюу 300 мянган төгрөгийн үнэтэй олимпийн хүрмийг худалдаанд гаргасан нь ихээхэн эрэлттэй байгаа аж.
Хүрэмнээс 24 мянган ширхэгийг худалдаанд гаргасан нь хэдийнэ дуусчээ. Олимпийн хүрэм авахыг хүссэн иргэд өнгөрөгч долоо хоногоос эхлэн Сөүлийн Lotte дэлгүүрийн гадна дугаарлаж эхэлсэн нь анх 30 мянган ширхэгийг худалдаална гэж төлөвлөсөн тооцоог өөрчлөхөд хүргэж байгаа аж.
Хэдийгээр Умардын пуужингийн заналхийлэл дэлхийн нийтийн анхааралд байсан хэвээр байгаа ч ‘Сөүл 1988’ зуны олимпийн наадмыг бие даан, 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг Японтой хамтран зохион байгуулсан, спортын том тэмцээн, уралдаан зохион байгуулах туршлага хэдийнэ суусан Өмнөд Солонгос улс өвлийн олимпийг өндөр түвшинд хийнэ гэдэгтээ итгэлтэй байна.
Тус улсын уран гулгалтын нэрт тамирчин Ким Юна болон К-поп урсгалын одууд наадам сурталчлах бусад ажилд тун идэвхтэй оролцсоор байгаа ажээ.
Ч.БОЛОР