“Кино код” нэвтрүүлэг эрхэм уншигч та бүгдийгээ хөгжмийн зохиолчидтой уулзуулж байгаа билээ. Ингээд энэ удаагийн дугаарт шинэ залуу үеийн төлөөлөл болсон “Negun ” студийн захирал, хөгжмийн зохиолч Б.Одбаяр /Оки/ -г урьсан юм. Окигийн хувьд “Татар ажиллагаа”, “Гоёлын даашинз”, “9009”, “Болсон явдал” гэх мэт үзэгчдийг байлдан дагуулаад байгаа киноны хөгжмийн зохиолыг бичжээ.
Таныг орчин үеийн сэдэвтэй кинонд урьж ажиллуулж байгаа шалтгаан юу вэ?
Сүүлийн үеийн киноны хөгжим өөрөө дан ганц ая яваад байх бус холимог учир өндөр технологи шаардаж байгаа.Тийм учраас манай студидэд ханддаг. Мөн залуу хүнтэй ойлголцоход амар байдаг байх л даа.
Студидэд хийж байгаа хөгжим, амьд хөгжим хоёрын ялгаа?
Эхлэн гарч байсан хөгжим илүү боловсронгуй болон хөгжиж байгаа нэг хэлбэр. Анх өөрсдөө зохиогоод, тоглож хийдэг байсан бол техникийн дэвшил гарах тусам амьд хөгжмөөс ялгагдахгүй хийдэг программ гарч ирсэн. Жишээ нь Холливуудын нэг кино 13 дуутай гэж бодоход шаардлагатай гурван аяыг амьдаар бичдэг. Программаар бичихийн тулд хөгжимчин сайн байх шаардлагатай. Мэдээж амьд тоглолт хэзээ ч моодноос гарахгүйгээр зогсохгүй үеийн үед байх ёстой зүйл. Хэдий тийм ч техникийн дэвшил нь цаг, хөрөнгө мөнгө хэмнэхээрээ давуу.
Таны найруулагчтай ажиллах зарчим юу вэ?
Би харилцааг их чухалчилдаг. Найруулагчдын юу хүсэж байгааг ойлгохыг хичээдэг. Мөн ойлгомжтой, тодорхой байдлыг хүсдэг.
Татар ажиллагаа киноны хөгжим дээр ажиллахад найруулагчын зүгээс ямар хүсэлт тавьж байсан бэ?
Б.Баатар найруулагчын уг кино барууны жанртай учир дуугаралт арай өөр шинэлэг, оркестортой байх шаардлагатай байсан. Түүнд нь тохируулж бичсэн . Миний хөгжим кино болон найруулагчын ажилд хүчтэй хэрэгсэл нь байгаасай гэж хүссэн.
Ер нь хөгжмийн зохиолчын хувьд хүсэж явдаг зүйл тань?
Алтан үеийн дуучид, хөгжмийн зохиолчыг хүндэлж тэднээс суралцах ёстой гэж боддог. Хөгжмийн зохиолч З.Хангал гуайн бичсэн “Тань руу нүүж явна” киноны хөгжим бөгөөд хэлэх гэсэн санаа, хүн хүнээ гэсэн сэтгэл нь үнэхээр гайхалтай санагддаг. Үүнтэй адил уран бүтээлдээ зүрх сэтгэлээ шингээх аваас тэр чинээгээрээ үзэгчийн сэтгэл зүрхэнд хүрнэ.
Баярлалаа. Танд улам их амжилт бүтээлийг хүсье.