Улс тунхагласны өдөрт зориулсан уламжлалт барилдаан өчигдөр /2017.11.26/ болж, аварга Ч.Санжаадамба түрүүллээ. Энэ нь түүний эл барилдаанаас хүртэж буй тав дахь түрүү байв.
Саяхан болсон Монгол бахархлын өдрийн барилдаанд том цолтой бөхчүүд барилдаагүй нь бөх сонирхогчдоос багагүй шүүмжлэл хүлээсэн. Тэгвэл өчигдрийн барилдаанд аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва, гарьд Н.Ганбаатар, Ө.Бат-Орших, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Б.Соронзонболд нарын хоёр аварга, дөрвөн арслан, хоёр гарьд, гурван заан цолтон магнайлсан 256 бөх зодогложээ.
1990 оноос хойш тогтмол болж буй уг барилдаанд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон буюу зургаан удаа түрүүлсэн байдаг.
Энэ өдрийн барилдаанд шинэ гарьд Ө.Бат-Орших үзүүрлэсэн. Энэ жилийн баяр наадамд түрүүлсэн Ц.Содномдорж арслан болон гарьд Б.Гончигдамба нар эмчийн магадлагаагаар барилдаанаас чөлөөлөгджээ.
Улс тунхагласны баярын өдөр мөн Монголын өөр нэгэн аварга түрүү бөхийн цом өргөсөн нь мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал байв.
Энэ жилийн сүүлийн тэмцээн болох кюүшю башёг их аварга Хакүхо 14 даваатайгаар тэргүүлснээр мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны барилдаанд 40 дэх түрүүгээ хүртлээ. Энэ бол бас нэгэн түүхэн шинэ амжилт юм.
1700 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд 20 түрүүлсэн гурван бөх байдаг. Тэд бол 22 түрүүлсэн Таканахона, 24 түрүүлсэн Китаноуми, 25 түрүүлсэн Асашёорюү Д.Дагвадорж нар юм.
Кюүшю башё эхлэхийн өмнө 30 түрүүлсэн гурван бөхтэй хэмээн түүх үргэлжилж, Чиёонофүжи (31), Тайхо (32), Хакүхо (39) нар мэргэжлийн сүмогийн энэхүү өндөр амжилтын эзэд байсан бол Их аварга Хакүхо энэ башёд түрүүлснээр 40 түрүүлсэн цорын ганц аварга боллоо.
Мэргэжлийн сүмо бөхийн олон дээд амжилтыг эвдэн, шинээр тогтоож буй их аварга Хакүхогийн 40 дэх удаагаа эзэн хааны цом хүртсэн түүхэн өдөр Улс тунхагласны ойн өдөртэй давхацсан юм.
Б.БАЯСАХ