Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Та бол татварын системийн шинэчлэлд гол хувь нэмэр оруулсан хүн. Хууль боловсруулах үеийн зорилго одоо биелсэн үү?
-Манайх 1997 оноос хойш Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ авч байсан ч үндсэн ухагдахуунаас хазайлгаж, дампууруулсан байсан. Тиймээс 2015 онд татварын шинэчлэл хийж, дөрвөн төрлийн татварыг шинэчилсэн. Үүний нэг нь НӨАТ-ын тухай хууль юм. Татварын системийн дөрвөн том хуулийг шинэчлэн найруулсны дараа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хуулийг шинэчилсэн. Нэг ёсондоо 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс санхүүгийн бүртгэлийн системтэй холбоотой хуулиудыг шинээр найруулж хэрэглэсэн. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхлэх үед 1700 касстай байсан. Харин өнөөдөр 53 мянган касс ажиллаж байна. Нэг ёсондоо нэг жил арван сарын хугацаанд орлогын эх үүсвэрээ 30 дахин нэмэгдүүлсэн. Өмнө нь нийт зах зээлийн 60 хувь нь хар зах зээл байсан. Үүнийг ил гаргахын тулд иргэддээ боломж олгох ёстой юм байна гэж үзээд, НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх, сугалаанд оролцох, буцаан олголт авах боломжийг олгосон. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 2016 оны татварын орлого 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн бол 2017 оны аравдугаар сарын байдлаар татварын орлого нэг их наяд төгрөгөөр даваад байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн тусламжтайгаар бүх төрлийн татварын орлого биелсэн.
-Өнөөдөр 53 мянган касс ажиллаж байна гэлээ. Энэ нь ханасан тоо мөн үү?
–Бидний тооцооллоор 70 мянгад хүрвэл ханалтын цэг үүсэх ёстой. Одоо дахиад 20-иод мянга дутуу байна. Гэтэл Засгийн газар энэ хэсэгт хүрч ажиллаж чадахгүй байна. Хоёрдугаарт, цэгүүдэд бий болсон дата баазыг хамгаалахгүй байна. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 203 сая баримт хэвлэгдсэн. Тухайн үед 43 мянган кассын цэгтэй байсан. Тэр 203 сая баримтаас 193 сая баримт нь эцсийн хэрэглэгч дээр очсон байдаг. Гэвч НӨАТ-ын тухай хуулийг сурталчлаагүйн улмаас 120 сая баримт хаягдсан. Нийт 77 сая баримт бүртгэгдээд, 5,6 их наяд төгрөгийн гүйлгээ тэмдэглэгдсэн. Компани хооронд 31 их наяд төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан. Тэгэхээр бид 33 их наяд төгрөгийн НӨАТ-ын баримт хэвлээд гаргачихсан байгаа юм. Гэтэл манайхан ДНБ-ийг 21 их наяд төгрөг гэж буруу тооцоо хийсэн. Үндсэндээ 12 их наяд төгрөгийн буруу тооцоо хийсэн. Одоо бол 300 сая баримт тэмдэглэгдээд байгаа. Тэгэхээр татварын системийн суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийчихлээ гэж ойлгож болно.
-Монгол Улсын ихэнх аж ахуй нэгжийн орлого бүртгэгддэг НӨАТ-ын бааз хэр зэрэг найдвартай, аюулгүй байдалд байдаг вэ?
–НӨАТ-ын баазыг мэргэжлийн хүмүүс хамгаалах ёстой. НӨАТ-ын шинэ хуулиар гурван этгээд энэ мэдээллийг авах боломжтой байдаг. Статистикийн хороо, Татварын ерөнхий газарт макро дүнгээр очдог. Мөн хэрэглэгч зөвхөн өөрийнхөө мэдээллийг харах боломжтой. Гэтэл сая тавдугаар сард мэргэжлийн бус хүмүүс томилсноос болж энэ мэдээлэл алдагдах эрсдэл үүссэн. Гурван жилийн турш өдөр, шөнөгүй ажиллаж байж энэ гайхалтай системийг бий болгосон 46 залуу байдаг. Тэдний удирдагч нь Р.Отгонтулга юм. Одоо баазад цугласан байгаа мэдээлэл Оюутолгойгоос ч илүү үнэ цэнэтэй шүү. Энэ багийн бүтээлийг зүгээр нэг санхүүгийн мэдлэгтэй хүнд даатгаж болохгүй. Мэдэхгүй хүмүүс авснаас болж янз бүрийн халдлага гарч мэднэ. Тиймээс маш сайн хамгаалах ёстой. Төр өөрөө хамгаалж чадахгүй бол чаддаг хүмүүсийг нь эргүүлээд томилчих. Энд улс төр хамаагүй. НӨАТ-ын системийг том утгаар нь харах юм бол Хятадад яригдаад байгаа “Алибаба”-тай төстэй.
Одоо байгаа 53 мянган кассаа ашиглаад Е-худалдаа явуулах боломжтой. Биднийг анх систем боловсруулж байхад буюу 2014 оны наймдугаар сард банкууд татгалзаж байсан. Тэр үед банкуудын нийт төлбөрийн долоон хувь нь картаар хийгддэг байсан. Долоон хувийн төлөө 10 тэрбум төгрөгийн ашиг олдог байсан. Тухайн үед хамтрах санал тавихад “Танай 1700 касстай яаж манай 14 мянган пост машин тэнцэх юм бэ. Бид орох шаардлагагүй” гэж байсан. Гэтэл одоо Е-төлбөр гаргаад ирчихсэн байна. Системийн үр дүнг мэдэрсэн учраас ингэж байгаа юм. Өнөөдөр нийт төлбөрийн 22 хувь нь картаар хийгдэж байна. Зөвхөн эндээс олох ашиг нь ойролцоогоор 30 тэрбумд хүрсэн.
-НӨАТ-ын системд ямар халдлага ирэх аюултай вэ. Авсан мэдээллээ юунд ашиглаж болох юм?
–Надад ирсэн мэдээллээр бол банкууд их сонирхож байна. Зарим нэг компани сонирхож байна. Яагаад гэвэл системд бүртгэгдсэн 300 сая баримт бүх төрлийн бизнесийн гол мэдээлэл юм. Хэдэн ширхэг бүтээгдэхүүн хаана зарагдаж байгааг зөвхөн энэ дата системээс харах боломжтой. Тэгэхээр тэр баазыг сул орхиж болохгүй. Гэтэл мэргэжлийн хүмүүсийг нь сольчихсоныг гайхаж байгаа. Макро эдийн засагчид зөв цуглуулсан дата мэдээллийг хүсч байдаг. Тэд ийм мэдээллийг ашиглаж, эдийн засгийн загвар гаргадаг. Энэ загварыг дагаж хөгжил ирдэг. Бид тэр мэдээллээ цуглуулж чадсан ч үнэ цэнийг нь мэдрэхгүй байна. Тиймээс л баазад ирсэн мэдээллийг хамгаалах ёстой шүү гэж Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат нарт хандаж захиж, хэлж байсан. Мөн түүнчлэн ДНБ-ийг худлаа тооцож, мөнгөний бодлогод нөлөөлж байна. Тэгэхээр зөв бодлого явуулах хэрэгтэй.
-Дата системийг хэдэн төгрөгөөр бүтээсэн бэ?
Уучлаарай, бид дөрвөн тэрбум төгрөгөөр хийчихсэн байхад юун 60 тэрбум төгрөг вэ? Мөнгө нь илүүдээд байгаа юм бол 10 тэрбумыг л өгчих. Энэ мөнгөөрөө хангалттай баазын хамгаалалтыг сайжруулаад, серверээ нэмчихнэ. Цаана нь үлдсэн 50 тэрбумаа өөр зүйлд зарцуул. Мэдэхгүй хүмүүсийг далимдуулж, мөнгө идэх гээд байгаад нь миний зэвүү хүрээд байгаа юм. Тиймээс Дата системийн асуудлыг чаддаг хүмүүст нь хариуцуулах хэрэгтэй.
-Ийм байдлаар цааш үргэлжлээд, таны хүсээд байгаагаар эхлүүлсэн хүмүүсийг нь томилохгүй бол яах вэ?
–Чаддаг хүмүүсээр хамгаалуулахгүй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандана.
-Аж ахуй нэгж, иргэд татвар төлж байна. Гэтэл төсвийг хэрхэн оновчтой хуваарилах вэ гэдэг их чухал асуудал болоод байна л даа?
-Манай улс 17 төрлийн татвар авч байна. Энэ нь төсвийн орлого бүрдүүлэхийн төлөө байдаг. Улсын төсвийг оновчтой болгохын тулд МУИС-ийн багш нартай хамтарч, багцын оновчлол гаргасан. Долоон гол зардал, долоон гол орлогоо тооцож гаргасан. Энэ онолыг арванхоёрдугаар сарын эхээр Сангийн яаманд гардуулахаар төлөвлөж байна. Хэрэв баримтлаад явах юм бол бондын хүүг ойрын хоёр жилд төлж дуусгах боломж бий. Цаашдаа төсвийн алдагдал ч буурна. Яам, тамгын газраас олгодог зээл тусламжийг 77 хувь багасгах боломжтой. Мөн багш, эмч нарын цалинг 10 хувь нэмэгдүүлэх юм бол бусад асуудалд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг тооцоолоход ч амар болно.
-Та бүхний гаргасан онолын багц Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй уялдаж чадах уу? Одоо бол төсвийн бүх орлого, зарлага валютын сангийн хяналт доор явж байгаа шүү дээ.
–Валютын сан бол зүгээр нэг мөнгө өгдөг байгууллага биш, цэвэр загвараар явдаг. Тэдний загвараар долоон төрлийн татвар нэмэх шийдвэр гарсан. Татварын бааз системийг нь сайжруулаад өгч байхад татвар төлдөг хэдэн аж ахуй нэгжид дарамт нэмнэ гэдэг бол хүндрэлтэй. Тиймээс УИХ-ын даргатай зөвшилцөж байгаа. Удахгүй нэг шийдэлд хүрэх байх.
-Манай Сангийн яам одоо ямар онол, загвар баримталж байдаг юм бэ?
–Сангийн яам яг энэ чиглэлийн загваргүй гэдэг нь харагдсан. Яагаад гэвэл 2013, 2014 онд 2,7 их наяд төгрөг хэвлээд тараасан, өмнө нь гаднаас 1,5 тэрбум ам.долларыг өндөр өртөгтэй авч ирээд тарааж байсан. Одоо татварын орлогоос давсан 1 их наяд төгрөгөө өрөнд төлөх гэж байна. Эдийн засгийн хямралд ороход онолоо хамгаалж чадаагүй эдийн засагчид түүнийг нь будилуулсан улстөрчид буруутай байдаг юм даа.