Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээн өнөөдөр Фүкүка хотын сүмогийн ордонд өндөрлөлөө. Энэ жилийн сүүлийн башё болох Кюүшюү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал 14 даваа, нэг унаатайгаар түрүүллээ. Хакүхо өнөөдрийн барилдаанд озэки Гоэйдог давсан юм. Түүний хувьд өчигдөр Эндог давснаар энэхүү башёд түрүүлэх болзлоо хангаад байсан. Хакүхо башёгийн 11 дэх өдөр сэкивакэ Ёшиказед ялагдсан юм.
Японы Эзэн хааны цомыг 40 дэх удаагаа хүртэж, түүхэн амжилт үзүүлсэн их аварга Хакүхо М.Даваажаргал NK телевизийн сэтгүүлчийн асуултанд хариулсан юм.
-Урьд нь хэн ч биелүүлж байгаагүй 40 түрүүг авсан аваргадаа баяр хүргэе! Таны сэтгэгдлийг сонсмоор байна.
-Энэ дашрамыг ашиглаад, юуны өмнө Японы бүх сүмо сонирхогчдоосоо үүссэн асуудлаас уучлалт гуйя. 17 настай жаахан хүү байхдаа сүмод барилдана гэж ирж байлаа. Намайг ийм том амжилт гаргахыг сүмогийн бурхан харж байжээ. Башёгийн дараа ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, Таканоива А.Баасандорж нарын хооронд болсон асуудлын талаар ярих болно. Би Харүмафүжи, Таканоива нарыг энэ дэвжээн дээр үлдээмээр байна.
-Та сэтгэл зүйгээ яаж тогтвортой авч явья гэж бодож байсан бэ?
-Үнэхээр бие сэтгэлээрээ барилдаан бүрд анхаарлаа төвлөрүүлж байлаа. Кюүшюү башё их чухал башё байсан болохоор үзэгчдийнхээ сэтгэл зүйн дэмжлэгтэйгээр давж гарч чадлаа.
-Та өчигдөр Эндог давсан. Өнөөдөр Гоэйдотой барилдлаа. Сэтгэл зүйн хувьд ямар байсан бэ?
-Гоэйдо над руу ширүүн харахаар нь би ялагдахгүй дээ л гэж бодсон.
-Энэ башёд таны араас хоёр бөх ойрхон явсан?
-Башёгийн дундаас нэг дэвжээний бөхчүүд надаас илүү амжилттай барилдаж, түрүүлчих юм биш байгаа гэж бодсон. Гэхдээ би сэтгэл зүйн хувьд түрүүлнэ гэдэг зорилготой барилдсан учраас түрүүлж чадлаа.
-Энэ жил та хоёр башё дараалж өнжлөө. Гэхдээ хамгийн олон даваатай бөх боллоо шүү дээ?
-Би гурав болон есдүгээр сарын башёг өнжсөн. Энэ жил боломжгүй олон зүйл тохиолдлоо. Хоолоо сойх зэрэг оролдлого их хийлээ. Тэр үр дүнгийн ач гарлаа.
-Яагаад та хоолоо сойх болсон бэ?
-Манай аав 1964 онд Токиогийн зуны олимпийн наадамд оролцож байсан. Би 2020 оны Токиогийн олимпийн наадамд аварга цолтойгоор оролцохыг хүссэн. Тиймээс би биеэ бэлтгэж байна.
-Та одоо 40 түрүүллээ. Дараагийн зорилго юу вэ? Яг тооны тухайд?
-Одоо миний бодож байгаагаар Макүүчи зиндаанд 1000 даваа авья гэсэн бодол төрж байна.
–Тэгвэл дахиад 30 давах юм бол тэр амжилтыг үзүүлэх юм байна ш дээ?
-Өө тийм үү. \Инээв\ Эцэст нь ордонд цугласан та бүхэнтэйгээ уухай \банзаа\ хийе.
Ч.БОЛОР