Ерөнхийлөгч иргэдийн эсэргүүцэлтэй тулах уу?

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч иргэдийн эсэргүүцэлтэй тулах уу?

Ерөнхийлөгч иргэдийн эсэргүүцэлтэй тулах уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээхийг хүсч байгаагаа ил тод зарлах болсон. Тэрбээр энэ асуудлаар өмнө нь ажлын хэсэг байгуулсан бол өнгөрсөн баасан гаригт “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийн сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг  Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байгаагаа зарласан билээ. Үүний дараа Ерөнхийлөгчийн зүгээс барьж байгаа бодлогыг олон хүн эсэргүүцэж, байр сууриа нүүр номын хуудсаараа дамжуулан илэрхийлж буй.


МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор О.Мөнхсайхан:

Арай ч дээ, гэж халаглахад ч багадна. Ямар ч боловсролгүй популистийг Ерөнхийлөгчөөр сонгосны гор гарч эхэлж байна даа. ‘Хойш харсан нүх нар үзэхгүй’ Тиймээс, хүний эрхийн наад захын ойлголтгүй Г.Уянга (УИХ-ын гишүүн асан) гэж хүнийг Хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөхөөрөө тавьчихаар нөгөөдөх нь цаазын ял сэргээх тухай ам нийлүүлэн ухуулж эхэлжээ. Популист популистдаа зөвлөхөөр хамгийн ихээр хүмүүст таалагдах ч хамгийн ихээр хортой зүйл хийдэг аж. Одоо УИХ л Монгол Улс үнэт зүйлтэйгээ үлдэх эсэх найдвар боллоо. Зарчимч, холын хараатай, ардчиллынхаа үнэ цэнийг ойлгодог гишүүдэд найдаж байна. Монгол Улс одоо ямар сайнаар парламентыг засагтай юм бэ? Ерөнхийлөгчид хамаг эрх мэдэл төвлөрүүлээгүйд нь 1992 оны Үндсэн хууль тогтоогчдынхоо мэргэн ухааныг бишрээд баршгүй. Хүний эрх, ардчиллын үнэт зүйлдээ санаа зовдог хүн бүр, ялангуяа иргэний нийгмийнхэн, хуульчид, эрх зүйчид, судлаачдыг Ерөнхийлөгчийн энэ болчимгүй, ухвар мөчид, аюултай алхмыг тууштай эсэргүүцэхийг уриалж байна. Бид үнэт зүйлийнхээ төлөө хийсэн дэвшилтэт зүйлээ хамгаалахгүй юм бол ухраагаад зогсохгүй устгаад хаячихна.

Боннын Т.Алтангэрэл:

Цаазын ял байлаа гээд гэмт хэрэг тэрнээс болж буурдаггүй, өмнө ч тийм байсан. Гэмт хэрэг гарч байгаа нийтлэг шалтгаан нийгэм өвчилсөн, ядуурал, бухимдал дээд цэгтээ хүрсэн. Хэзээ асуудлаа бодитоор харж, жинхэнэ шийдэл ярих вэ?

Ч.Ганжавхлан:

Алаад өг, мөчилж ал, чулуугаар шидэж цус нөжтэй нь хутга гээд коммент бичээд байдаг нөхдүүд нүүрэн дээрээ мууг эсэргүүцээд байгаа мэт боловч сэтгэлзүйн хувьд өөрсдөө дараагийн хүчирхийлэгч болоход тун ойрхон байдаг гэж боддог ш дээ. “Хэрэгтэн хүн алж хүчин хийснийхээ дараа цаазын ялтайгаа санаж хүрээ талах буюу гэрчүүдээ нэмж алдаг. Бүх насаараа хорих ял авсан хүн гянданд үсрээд л 36 сар болоод үхдэг. Цаазын ял гүйцэтгэсний дараа шинээр нөхцөл байдал илэрч цагаатгах болвол буцааж амилуулж болдоггүй дээ” гэсэн байна.

“Монгол нүүрс” ассоциацийн ерөнхийлөгчТ.Наран:

Хүүхэд тамласан, амийг нь бүрэлгэсэн хүний тухай сонсоход тийм бузар булай амьтныг шууд л алах хэрэгтэй санагддаг л даа… Гэхдээ энэ эмоци цаазын ялыг сэргээх далим, шалтаг байж болохгүй.

Нийтлэлч Б.Баабар:

Хүүхэд хүчиндсэн тамалсан зэрлэгийг шоронгийнхон өөрснөө “янзалчихдаг”. Харин ч нэг гадуурхаж тамлуулснаар тэндээ зовж үхдэг. Хүүхэд байтугай ерөөс хүчингийн хэрэгтэнг шоронгийнхон онцгой зовоодог. Уламжлал шүү.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:

Цаазгүй Монгол!!!!! Энэ бичгийг хэлмэгдэгсдийн хөшөөнд бий. Хэлмэгдлийн түүх уншаарай. Цааз эхэндээ ариун үйлсэд яригддаг ч бузрын зэвсэг л болж дуусдаг юм шүү.

Сэтгүүлч Б.Янжмаа:

Х.Баттулгад цаазын ял оноохоос өөрөөр мундаг Ерөнхийлөгч байх боломж олдохгүй байгаа юм байлгүй. Эрх мэдлээ нэмэгдүүлэхдээ хохирсон хүүхдүүдийн нэрийг бүү барь. Цаазын ялтай оронд хүчирхийлэл буурдаг гэсэн үр дүн гардаггүй.

Инженер Ц.Бат:

За яахав, хүчин цаазтай болж гэж бодъё. Тэгээд? Хүчиндүүлсэн бүх охид алуулна. Гэрчийг устгах, нуух нь ялаас бултах ганц арга болж хувирна. Учир нь баригдлаа гэхэд ял ижил тул тэд буцахгүй. Иймээс цаазыг хорих нь гэмтний биш охидын амийг аврах эцсийн боломж байсан юм. Өнөөдөр хүчиндэгч алуурчин гэж цаазална. Маргааш хар тамхичдыг цаазална. Нөгөөдөр ижил хүйснүүдийг юу яана. Дараа нь өөр бодолтнуудыг. Тэр үед та бидний ээлж шүү. Цаазын хамгийн цаад зорилго бол өөр бодолтныг устгах л байдаг юм.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин:

Нэгд,олон талт гадаад бодлогод ухралт хийж Европын холбоог цаашаа гэж зарлаж байгаа бололтой! Хоёрт,Туркын шинэ эцэг цаазын ялыг попдож сэргээгээд дургуй хүмүүстээ хэрэглээд эхэлснийг зам мөрөө гэж харж буй бололтой.

Эндээс харахад цаазын ялыг сэргээнэ хэмээн ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл хүртэл боловсруулахаа зарлаад байгаа Ерөнхийлөгчийн бодлого олон нийтийн эсэргүүцэлтэй тулах нь. Энэ нь түүний улс төрийн карьерт ч сөргөөр нөлөөлж магадгүй байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж