Гадаадын 9500 орчим иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байна. Тодруулбал, 2017 оны аравдугаар сарын 31-ний байдлаар гадаадын 91 орны 9500 гаруй иргэн хөдөлмөр эрхэлж байна гэсэн судалгаа гарчээ. Засгийн газраас 2020 он гэхэд гадаадын ажиллах хүчний тоо, хэмжээг 50 хувь бууруулах зорилт тавьсан. Үүний хүрээнд Засгийн газраас 2018 онд үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж, байгууллагын нийт Монгол ажилчдын тоонд эзлэх гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хувийг тогтоосон байна.
Засгийн газраас нэрлээгүй салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 20-иос дээш Монгол ажилчинтай аж ахуй нэгж, байгууллагад гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тухайн байгууллагын нийт ажилчдын тав хүртэл хувь байхаар тогтоосон байна. Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо 100 хүрвэл салбарын сайд, 100-гаас дээш бол Засгийн газар шийдвэрлэж байхаар тогтсон байна. Мөн гадаадаас ажиллах хүч, мэргэжилтнийг оруулж ирэхдээ эрүүл мэндийн урьдчилсан төлбөртэй үзлэгт заавал хамруулах үүргийг Засгийн газраас салбарын сайдад нь даалгажээ.
Ш.ОЧ