Сами Хедира: Би илүү ч сайн байж чадна

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Сами Хедира: Би илүү ч сайн байж чадна

Сами Хедирагийн хувьд өнгөрсөн 12 сарын хугацаа хуй салхи мэт, үнэхээр эрч хүчтэй өнгөрсөн. 2010 оны дэлхийн аваргад Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаар эх орноосоо гадагш, тодруулбал, Европт, цаашлаад дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний тоглогч гэдгээ харуулсан тэрбээр Өмнөд Африкт хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч /бидний хэлж заншсанаар “цэвэрлэгч”/-ийн рольд гайхалтай “тоглосны” ачаар Испанийн яруу алдарт “Реал Мадрид” багийг зорих эрхэм мөрөөдлөө биелүүлсэн нэгэн. Тэрхүү мөрөөдөл биеллээ олсон өдрөөс хойш бүтэн нэг жилийн дараа тэрбээр Испанийн нийслэл дэх аж амьдрал, Криштиан Рональдутай хамт нэг багт тоглох ямархуу байгаа тухай болон Жозе Моуриньогийн талаар, Германы шигшээ багт оруулж буй хувь нэмрийнхээ тухай FIFA.com-д ярилцлага өгснийг орчуулан хүргэж байна. Тэрбээр өдгөө 24 настай.

-За тэгэхээр Сами Хедира, өнгөрсөн 12 сарын амьдралаа цэгнэж үзэхэд, дөнгөж “Реал Мадрид”-д очоод тулгарсан хамгийн том проблем нь юу байв?

-Надад ямар ч асуудал байгаагүй гэж худлаа хэлж чадахгүй нь. Мадридад намайг ямархуу байдал хүлээж байгаа, би ямархан зүйлтэй тулгарах вэ гэдгээ өмнө нь бодож л байсан. Анх удаа л дасч зохицсон орчин газар, төрөлх Штутгарт хотоо орхин явсан нь тэр. Гэр бүл, найз нөхдөө үлдээгээд. Гэхдээ би сорилт, туршилтад бэлэн байсан. Учир нь “Реал Мадрид” болоод Жозе Моуриньогийн төлөвлөгөө намайг уриалан дуудаж байсан. Орчин тойрон, тэндхийн нөхцөл байдалд харин хурдан зохицсон. Багийнхан маань намайг халуун дулаанаар угтан авч, би ч хурдан төвхнөсөн. Хүн бүр шилдэг тоглолтоо гаргахын тулд сэтгэл санааны хувьд ч хангалуун, аз жаргалтай байх ёстой биз дээ.

-Мадридын амьдралыг тодорхойлж хэлбэл?

-Бүхий л зүйл нь агуу, илүү том цар хүрээтэй. Герман дахь амьдралтай минь харьцуулахад огт өөр бүтэц, зохион байгуулалттай. Наанадаж гэхэд л шөнийн цагаар би өмнөхөөсөө хоёр цаг бага унтаж байгаа. Учир нь энэ бол испани хэв маяг. Өдөр нь жаахан дуг хийнэ, энэ нь харин надад их аятайхан санагддаг юм. Ерөнхийдөө бол илүү амарч, амар тайван байхад дөхөм. Испаничууд амьдралд хайртай, амьдралаас баяр цэнгэл, эрч хүч мэдэрч чаддаг, шинэ өдрийг цоо шинээр эхлүүлдэг хүмүүс гэж хэлж болно. Мэдээж манай багийнхан хөдөлмөрч, зорьсондоо хүрэхийг эрмэлздэг. Гэхдээ ажил дууссан хойно бид ч бас амьдралын баяр баясгаланг мэдэрч болно шүү дээ.

-Шинэ багтаа дасан зохицоход бараг л асуудал гараагүй бололтой. Тэгвэл, Сантьяго Бернабеуд өнгөрүүлсэн анхны улиралдаа та хэр сэтгэл ханамжтай байна вэ?

-Миний спортын хөгжил үнэхээр эерэг байсан гэж бодож байгаа шүү. Шинэ системд зохицож, дасгалжуулагч надаас юу хүсч, шаардаж байгааг ойлгох гээд л. Азаар би энэ бүхэнд маш хурдан дасан зохицож чадсан. Тиймээс би үргэлж гарааны бүрэлдэхүүнд багтаж, тэр байр сууриа огтхон ч алдаагүй. Ур чадварын хувьд өсч дэвжиж байгаадаа сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ үүнээс илүү ч сайн байж чадна гэдгээ мэдэж байна. Тиймээс хоёр дахь жилдээ энэ эрчээрээ сайжирч, талбай дээрх давуу байдлаа улам батжуулахыг зорьж байгаа. Шигшээ багт байдагтай адилаар.

-Та өмнө нь хэлж байсанчлан, аливаа тоглогч шилдэг тоглолтоо гаргахын тулд орчин нөхцөлд бүрдсэн байх ёстой гэж. Харин та шаардлагатай үед хэнээс тусламж, зөвлөгөө авдаг вэ?

-Дөнгөж ирээд, бараг л испаниар “Halo” гэж юу гэсэн утгатай болохыг мэддэггүй байх үед минь Рафаэль ван дер Ваарт миний хувьд их чухал хүн байсан. Тэр испаниар ч, германаар ч сайн ярьдаг болохоор үргэлж миний талд байдаг байлаа. Харин түүнийг явсны дараа Ежи Дудек их тусалж байсан. Криштиан Рональду ч гэсэн. Учир нь бид хоёр англиар ойлголцдог байсан юм. Тэр надад талбай дээр ч, талбайн гадна ч туслахаас огтхон ч татгалздаггүй.

-Криштиан Рональду хувь хүний хувьд ямархуу хүн бэ?

-Бусдыг хөндлөнгөөс шүүх хэрэггүй байх. Лионель Мессигээс гадна тэр бол дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгч. Хүн болгон түүнтэй хамт зургаа татуулахыг, гарын үсгийг нь авахыг хүсдэг. Энэ л жаахан хэцүү байдаг байх. Түүний хөлбөмбөгийн ур чадвар, арга барил үнэхээр гайхалтай, бас ч атаархмаар. Гэхдээ талбайгаас гарч, хувцас солих өрөөнд ормогц Ронни супер од биш болдог. Тэр бол зүгээр л Криштиан Рональду гэдэг хүн. Бусадтай эвсэг, найрсаг, хүндэтгэлтэй харьцдаг. Үргэлж ялахыг тэмүүлдэг амбицтай, бас тусархаг залуу. Түүний хэм хэмжээнд хүн яаж амьдрах боломжтой, тэр хэмжээнд л энгийн амьдрахыг хүсдэг нэгэн.

-Танай дасгалжуулагч Жозе Моуриньо ч гэсэн олны анхаарлын төвд байдаг нэгэн. Та түүнийг тодорхойлбол?

-Би түүнтэй ярилцмагц л энэ гайхалтай аялал хааш нь хөтлөх тухай сайхан санаа төрдөг. Хожим нь эргээд харахад бүгд биеллээ олсон байдаг. Тэр амжилтын төлөө бүхнээ зориулдаг, хүндлэхгүй байхын аргагүй хүн. Жозе Моуриньо хоногийн 24 цагийн турш багийнхаа төлөө, тоглогч нэг бүрийг хэрхэн сайжруулах талаар бодож явдаг үнэхээр хөлбөмбөгийн төлөө төрсөн хүн. Түүнд өөрт нь ямар байгаагаас үл хамааран тэр бидэнтэй үргэлжид найрсаг сайхан харьцдаг. Бидэнтэй байнга ярилцана, зөвхөн хөлбөмбөгийн талаар ч биш, бидний хувийн амьдралын талаар ч ярилцдаг. Би хэзээ ч өмнө нь ийм зүйл мэдэрч байгаагүй. Тэр тоглогчидтойгоо хэрхэн харьцахаа маш сайн мэддэг. Тиймээс ч алдартай байх.

-Өнгөрсөн улиралд “Барса”-г өндөрлөгөөс нь буулгаж чадаагүй тэр үед ч гэсэн үү?

-Бид гурван цом хүртэх зорилготой шинэ улирлыг эхлүүлсэн. Миний хувьд ч гэсэн тэдгээр гурван цомын төлөө, ялангуяа Аваргуудын лигийн цомын төлөө Мадридад очоод байлаа. Хэдийгээр бид зорилгодоо хүрээгүй ч лигийн тэмцээнд бид “Барса”-гаас тийм ч хойно хоцроогүй. Аваргуудын лигийн хагас шигшээд хожигдсон нь үнэхээр азгүй хэрэг байлаа. Цомын тэмцээний финалд “Барса”-гийн эсрэг тоглосон нь үнэхээр гайхалтай. Бид улирлыг амжилттай өндөрлүүлсэн, гэхдээ улам бүр сайжрах хэрэгтэй. Шинэ дасгалжуулагчтай, олон шинэ тоглогчтой, цоо шинэ философитой багийн хувьд бид анхны улирлаа дажгүй өнгөрүүлсэн. Хэрэв “Барса” тийм гайхалтай, төгс формтой байгаагүй бол бид илүү олон тэмцээнд түрүүлэх байсан байх.

-Хүсэл зорилгодоо хүрэхийн тулд “Реал” зуны туршид олон шинэ тоглогч эгнээндээ нэгтгэлээ. Тэдний нэг нь таны байрлалд тоглодог Нури Шахин. Байр суурийн төлөөх энэ өрсөлдөөнийг та хэрхэн хүлээн авч байна?

-Байрлалын төлөөх өрсөлдөөн ихсэх эсэхийг хэлж мэдэхгүй юм. Миний бодлоор бид багийнхаа бүрэлдэхүүнийг илүү хүчирхэг болгож байна. Улирлын эхэнд манай багт хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч тав байсан, гэтэл улирлын төгсгөлд ердөө гурав үлдсэн. Гэтэл энэ “Реал Мадрид” шиг багт хангалтгүй. Үнэнийг хэлэхэд, хоёр жигүүрт бидэнд чанар дутагдаж байгаа. Харин Нури Шахин бол гайхалтай хагас хамгаалагч. Хэрэв цом авахыг хүсч л байгаа бол мөн чанартаа хүчтэй байх ёстой. Нури багийн бүрэлдэхүүнд ихээхэн нэмэр болох болно.

-Хоёулаа Германы шигшээ багийн талаар ярилцъя. Йохам Лёвын сонголтоор Бастиан Швайнштайгер та хоёр хамгаалах чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд нэгэнт хөдөлшгүй байр суурьтай болчихсон… ?

-Дасгалжуулагчийн энэ шийдвэр зөв байдаг. Бид хоёр хамтарч хангалттай бэлтгэл хийгээгүй ч дэлхийн аваргаас хойш бид илүү нягтарч чадсан гэж боддог. Миний бодлоор бид нэгнийхээ дутууг нөхөж чаддаг. Хоёулаа тоглолтын дүр төрхийг уншиж, үр дүн авчрах зүйлийг сэтгэж чаддаг. Одоохондоо бид хоёр энэ байрлалд болж л байна. Шигшээ багийн хувьд ч ялгаагүй хүчтэй бүрэлдэхүүн байна, ялангуяа миний тоглодог байрлалд.

-Та шигшээ багийн экс-ахлагч Михаэль Баллакийг маш сайн орлож чадсан?

-Энэ бол байх ёстой л процесс. Нэг л өдөр өөр нэгэн шинэ залуу тоглогч гарч ирээд миний байрыг эзэлнэ. Аливаа нэг тоглогч оргил үеэ өнгөрүүлж, шилдэг тоглолтоо гаргаж чадахгүй болох цаг ирнэ. Тэр үед залуу тоглогч нөхөн гарч ирдэг. Михаэль олон жилийн турш Германы шигшээ багийн од, дэлхийн зэрэглэлийн тоглогч байсан. Би түүнээс ихийг суралцсан. Түүнээс харж суралцсан зүйл их бий, түүнийгээ ч өөрийнхөө тоглолтод гаргаж л явна. Ялангуяа гоол оруулах тал дээр. Би түүнээс маш ихийг суралцсан.

-Эцэст нь Сами, төгс “цэвэрлэгч” байхын тулд юуг цогцлоох хэрэгтэй вэ?

-Орчин цагийн хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч нарт бүхий л чанар байхыг шаардаж байна. Хамгаалдаг, бас ойр байгаа тоглогчдоо бөмбөгөөр хангадаг байх ёстой. Дамжуулалт сайтай, бөмбөгтэй тоглогчийг зогсоох, мөн довтолгоонд оролцох чадвар маш чухал. Төгс “цэвэрлэгч” эдгээр чанарыг бүгдийг нь хослуулсан байх ёстой.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж