Ням гариг бүрт ‘News’ агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Энэ долоо хоногт ирэх өдрүүдийн улстөрийн өнгө, төрх, Засгийн газрын бодлогыг тодорхойлоход онцлох үүрэгтэй МАН-ын 28-р Их хурал болж өнгөрлөө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН-ыг толгойлно
Өнгөрсөн долоо хоногийн Даваа гаригт эхэлсэн МАН-ын Их хурал таван өдөр үргэлжлэв. Энэ Их хурал гурван өдөр үргэлжлэх төлөвтэй байсан ч намын дүрэмд өөрчлөлт оруулах, намын Бага хурал, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх гээд хоёр өдрөөр илүү сунжирсан юм. Юуны түрүүнд МАН-ыг хэн толгойлж, ирэх өдрүүдийн улстөр, улсын бодлогыг тодорхойлох вэ гэдэг олон нийтэд хүлээлт үүсгэж байлаа. МАН-ын даргын гол өрсөлдөөн одоогийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын дунд өрнөсөн. Их хуралд сонгогдон ирсэн 1300 төлөөлөгч хоёр нэр дэвшигчид санал өгснөөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийт төлөөлөгчдийн 63.1 хувийн санал авснаар 2020 оны сонгууль хүртэл МАН-ыг удирдахаар болсон юм. Улстөрийн хүрээнд энэ удаагийн Их хурлын сценари нь тодорхой буюу У.Хүрэлсүх намын дарга болох нь ойлгомжтой байсан. Мэдээж Засгийн газраа толгойлж байгаагийн хувьд У.Хүрэлсүх МАН-ын дарга болох магадлал хамгийн өндөр байсан. Гэвч байдал хаашаа эргэх, тус намын улстөрийн “тоглоом”-ын дүрмийг хэн нэгэн өөрчлөх вий гэсэн хардалт ч байсныг үгүйсгэмгүй. Намын болон төрийн аливаа бодлого шийдвэр эрх барьж буй намын Удирдах зөвлөл, УИХ дахь бүлгээр шийдэгддэг “дүрэм”-тэй. Тиймээс шинэ намын дарга Удирдах зөвлөлөө ямар багаар бүрдүүлэх нь ч анхаарлын төвд байсан юм. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлд М.Энхболдын, У.Хүрэлсүх, Сү.Батболд, бусад гэсэн хуваарилалт хийгджээ. Өөрөөр хэлбэл, шинэ дарга намын Удирдах зөвлөлийг бүрдүүлэхдээ хүчний харьцааг тэнцвэржүүлж, намын эв нэгдлийг хангасан гэж улстөрийн хүрээнийхэн дүгнэж буй. Ямартай ч таван өдөр үргэлжилсэн намын Их хурал УИХ-ын үйл ажиллагааг “тасалдуулж”, нийгэмд том хүлээлт үүсгэсэн хурал болж өндөрлөв. Мөн энэ хурлаар МАН-ын гал тогоог барих хүнээр Д.Амарбаясгаланг улираан томилох нь зүйтэй гэж Их хурлын төлөөлөгчдийн олонх үзсэн юм. Цаашид ямар бодлогоор эрх баригч нам явах, Засгийн газраа тогтвортой байлгаж, намын дотоод эв нэгдлээ хангаж ажиллах нь шинэ намын дарга, түүний баг хамт олноос шууд хамаарна.
ИЗНН-ын дарга С.Оюун намын даргаасаа чөлөөлөгдөнө
Улстөрийн хүрээнд гуравдагч хүчин хэмээн тодотгогддог Иргэний зориг, ногоон намыг өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүн асан С.Оюун удирдаж ирсэн. Тэгвэл тэрбээр Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдож байгаа учир намын даргынхаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Сүүлийн 17 жил ИЗНН-ын даргаар ажилласан, намдаа УИХ-ын, сайдын суудал хэд хэдэн удаа авчирч байсан нэгэн. Түүнийг Дэлхийн усны байгууллагын даргаар томилогдох талаар улс төрийн хүрээнийхэн С.Оюун улс төрөөс “явж” байна гэж ч дүгнэж буй. ИЗНН ирэх өдрүүдэд Үндэсний хорооны хурлаа зарлаж, шинэ даргатай болох асуудлаа хэлэлцэх юм байна.
Цаазын ялыг сэргээх үү
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах төрийн бодлогын хэрэгжилтийг сайжруулах, олон нийтийн оролцоо, хяналт’ сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн байна. Энэ үеэр тэрбээр бага насны хүүхдийг хүчирхийлж, тарчлааж амь насыг нь хөнөөсөн гэмт хэрэгт цаазын ялыг сэргээх саналыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн талаараа мэдэгдсэн юм. Монгол Улс бол хүний эрхийг дээдэлдэг орон учраас цаазын ялыг халсан. Гэвч цаазын ялыг сэргээх санаачилгыг Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилсанд нь олон нийтийн дунд маргаан дэгдэж байна. Нэг хэсэг нь бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт этгээдийг цаазлах нь зөв гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь цаазын ял бол хамгийн “амархан” ял. Тэр хүнийг цаазлахаас илүү бүх насаар нь хийсэн хэргийг нь үүрүүлж, тарчлаах нь хамгийн зөв шийтгэл болно гэж үзэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хууль зүй, дотоод хэргийн яаманд зөвхөн насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон тохиолдолд цаазын ял оноох зөв гэж үзэж байгаа юм.
Нийслэл төсвөө ирэх сарын 5-нд батална
НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааны үеэр Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд өргөн барилаа. Нийслэлийн төсвийн орлогын дийлэнх буюу 61 хувийг Хувь хүний орлогын албан татвар бүрдүүлж байгаагийн 50 орчим хувийг Цалин хөлс болон түүнтэй адилтгах ХХОАТ дангаар эзэлж, үлдэх хувийг үл хөдлөх хөрөнгө, буу, авто тээвэр болон өөрөө явагч хэрэгсэл, газар, ус гэх мэт тодорхой нэг обьектод хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулдаг хязгаарлагдмал эх үүсвэр бүхий орлого бүрдүүлж байна.
2018 оны төсвийн төсөлд тусгаснаар суурь орлогыг 63.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн нийслэлийн төсвөөс зайлшгүй санхүүжих урсгал зардлыг 203.1 тэрбум төгрөгөөр танажээ. Харин нийслэлээс, улсад төвлөрүүлэх орлогыг 57.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байна. Нийслэлийн 2018 оны төсвийг хуулийн хугацаанд буюу арваннэгдүгээр сарын 25-ны дотор НИТХ-д өргөн барьж, арванхоёрдугаар сарын 5 гэхэд батлах учиртай.
Хакухо 40 дэх түрүүгээ авлаа
Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргал өчигдөр түрүүлэх болзлоо хангалаа. Фүкүка хотноо болж буй Кюүшюү башёгийн 14 дэх өдөр Хакүхо Эндог давснаар 13 даваа, нэг унаатай болж энэ башёд түрүүлэх болзлоо хангалаа. Түүний араас хоёр унаатай нэхэж явсан Хокүтофүжи, Окиноүми нар өчигдөр учраа бөхдөө ялагдсан юм. Ингэснээр их аварга Хакүхо М.Даваажаргал сүмогийн түүхэнд 40 дэх түрүүгээ авч байна гэсэн үг. Тэрбээр 1138 дахь барилдаандаа 969 дэх даваагаа авсан юм.
Ш.ЧИМЭГ