У.Хүрэлсүхийн засаг юу амлав?

Хуучирсан мэдээ: 2017.11.26-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүхийн засаг юу амлав?

У.Хүрэлсүхийн засаг юу амлав?

Мэргэжлийн Засгийн газрыг ажлаа муу хийсэн гэх шалтгаанаар МАН-ын 33-ын бүлэг огцруулж, өнгөрсөн аравдугаар сарын 20-нд У.Хүрэлсүхийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилдаа орсон гэвэл яг нэг сар өнгөрч байна. Энэ хугацаанд 2018 оны төсөв, мөнгөний бодлогыг УИХ-аар батлуулснаас өөрөөр шинэ засаг дорвитойхон ажил хийсэнгүй. Харин халамжаар хямралыг давах бодлого барьж байгаа шинэ засагт Үндсэн хуулийг өөрчлөх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төгрөгийн уналтыг зогсоох, эдийн засгийн өсөлтийг хангах, дотоодын үйлдвэрлэлийг сайжруулах, төмөр зам барих, иргэдээ орон сууцжуулах, багш, эмч нарын цалинг нэмэх, агаарын бохирдлыг бууруулах, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх гээд хийх ажил цөөнгүй хүлээж байна. Ямар ч байсан шинэ засаг одоогоор томоохон бодлого, хөтөлбөрөө зарлаагүй байгаа бөгөөд эдийн засаг, улс төрийн хүрээнд реформ хийж чадах эсэхээс 2020 оны МАН-ын ялалт шийдэгдэнэ. У.Хүрэлсүх “Хананд зургаа өлгөсөн Ерөнхий сайд болохгүй” гэдгээ Засгийн газрын тэргүүнээр томилогдсон чуулганы хуралдаанаар зарласан. Тэр амалсандаа хүрч чадах эсэх нь зөвхөн түүний хэрэгжүүлэх бодлогоос шалтгаална.

Ингээд У.Хүрэлсүхээр “овоглох” болсон шинэ засаг, Ерөнхий сайд ямар бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал шийдвэрлэснийг сонирхуулъя. Гэхдээ шийдвэр гаргах нь ажил хийлээ гэсэн үг биш  гэдгийг шинэ засагт сануулахад буруудахгүй биз.

Бод биш бог экспортолно

Малын тоо толгойн өсөлт, хадлан, тэжээлийн хүрэлцээ, хангамжтай уялдуулан малчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумаас үржлийн бус бог малыг экспортод гаргахыг Засгийн газар зөвшөөрөв. Мах импортоор авах улсын холбогдох яам, мэргэжлийн байгууллагатай гэрээ, хэлцэл хийж, аймаг, орон нутгийг бодлого, зохицуулалтаар дэмжихийг холбогдох сайд нарт даалгав. Салбарын яам энэ онд 13,6 мянган тонн хонь, 13,8 мянган тонн ямааны мах, нийт 27,5 мянган тонн мах экспортлох тооцоо хийжээ.

Цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Төв цэвэрлэх байгууламжийн шинэ барилгын ажлыг ирэх оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр Засгийн газрын арваннэгдүгээр сарын 15-ны хуралдаанаар шийдвэрлэв. Одоогийн Төв цэвэрлэх байгууламжид хуримтлагдсан лагийг зайлуулах, үнэргүйжүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг арилгах, тоног төхөөрөмж, барилгын байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, судлахыг холбогдох сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.

Литва улсад 90 хоног визгүй зорчино

Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэл хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа. Цаашид энгийн паспорт эзэмшигч иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх чиглэлээр талууд идэвхтэй ажиллаж байна.Засгийн газрын хуралдаанаар мөн “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Литва Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав.

Лиценз олголтыг ил тод болгоно

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, цөөн хэдэн компани, хувь хүн хэдэн зуугаар нь эзэмшиж, түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх нэрийн дор худалдаж татвараас зайлсхийдэг буруу жишгийг Засгийн газар таслан зогсоохоо амлав. Тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байхыг тусгасан хуулийн төслийг батлуулснаар ирэх онд улсын төсөвт 36 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ.

Мэргэжлийн засгаас илүү ажиллаж, эдийн засгаа хямралаас гаргаж, улс орноо хөгжүүлнэ, орон гэрээ төвхнүүлнэ гэж өмнөх засгаа огцруулж гарч ирсэн шинэ засгийн шийдвэрлэсэн асуудлууд нэг иймэрхүү.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж