Японы мэргэжлийн сүмо бөхийн арваннэгдүгээр сарын тэмцээнд их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр түрүүлэх болзлоо хангалаа. Фүкүка хотноо болж буй Кюүшюү башёгийн 14 дэх өдөр Хакүхо Эндог давснаар 13 даваа, нэг унаатай болж маргаашийн барилдааныг хүлээлгүй башёд түрүүлэх болзлоо хангалаа. Түүний араас хоёр унаатай нэхэж явсан Хокүтофүжи, Окиноүми нар өнөөдрийн учраа бөхдөө ялагдсан юм.
Ингэснээр их аварга Хакүхо М.Даваажаргал сүмогийн түүхэнд 40 дэх түрүүгээ авах болзлоо хангалаа. Хакүхо маргааш озэки Гоэйдотой барилдана.
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх–Оргил нар 10, Араваши Э.Дөлгөөн найман даваатай башёг үргэлжлүүлж байна.
Ч.БОЛОР