Хятад Америк долларыг ”халах” санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Хятад Америк долларыг ”халах” санал гаргажээ

АНУ-ын төсвийн өр хуульчилж тогтоосон дээд хэмжээнээс даван гарснаас болж тус улсын хууль тогтоох бүтэц дэх эрх баригч болон сөрөг хүчний төлөөлөгчдийн хурц ширүүн тэмцэл өрнөж байх зуур олон улсын санхүүгийн байгууллагууд Нэгдсэн улсын нэр хүндийг хэдийнэ доогуур үнэлэх болжээ. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр дэл­хийн улс орнуудын эдийн зас­гийн чансааг тодорхойлогч “Standard & Poor” агентлаг АНУ-ын зээл­жих чансааг түүхэндээ анх удаа нэг шат бууруулж амжсанаа зарлав. Урьд өмнө нь АНУ нь тус агентлагийн жагсаалтад байнга тэргүүлэгчдийн эгнээнд буюу ААА гэсэн үзүүлэлттэй явж байсан бол одоо АА+ хэмээх доогуур жагсаалт руу орж иржээ.   

Хамгийн онцгүй мэдээлэл нь АНУ-ын зээлжих чадварын үзүүлэлт ойрын саруудад дахиад ч буурахаар байгааг “Standard & Poor” агентлаг мэдээлж байгаа явдал болно. Энэ нь АНУ-ын төсвийн алдагдал өсөхөөс болгоомжилж байгааг харуул­­­сан үйл явдал болж байна гэж шижээчид дүгнэж байгаа аж.  Учир нь олон улсын шинжээчид саяхан Конгресоор баталсан АНУ-ын төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй гэж үзэж байгаатай холбоотой юм.

Ийнхүү тус улсын зээлжих чадва­рын үзүүлэлт буурсан нь гаднаас АНУ-д хөрөнгө оруулагчдын итгэ­лийг алдагдуулж улмаар одоо тэртээ тэргүй аюултай хэмжээнд хүрчихээд байгаа Нэгдсэн улсын төсвийн өр болоод, энэ оны хувьд 9.1 хувьтай байгаа ажилгүйдлийн төвшинг ч улам ч өсгөж болзошгүй болсон байна. АНУ-ын зүгээс “Standard & Poor” агентлагийг алдаатай дүгнэлт гаргалаа гэж шүүмжилж байгаа ч олон улсад нэр хүнд бүхий дээрх агентлаг “бид ажлаа мэднэ” гэсэн хариу өгчээ.

Ямартай ч АНУ-ын зүгээс хүнд байдлаас гарах боломжтой гэсэн бүх л арга хэмжээг авч байна.

Долоо хоногийн өмнө ерөнхийлөгч Барак Обама Нэгдсэн улсын төсвийг ирэх арван жилийн хугацаанд 2.4 их наяд (триллион) ам.доллараар танах хуулийг гарган гарын үсгээ зурсан аж. Гэвч нөгөө л “Standard & Poor” агентлагийн зөвлөж байгаагаар бол энэ мөнгө байдлыг зохицуулахад хангалтгүй гэнэ. Тэд дор хаяж дөрвөн триллион ам.доллараар төсвийг багасгаж байж л АНУ өрийн асуудлаасаа өндийж магадгүй гэж үзсэн аж

Асуудал ийнхүү хурц байдлаар өрнөх болсонд АНУ-ын засаг захиргааны хойрго, цаг алдсан үйл ажиллагаа гол буруутай гэж  “Standard & Poor” агентлагийн хэлтсийн захирал Жон Чэмберс хэлээд Нэгдсэн улсын өрийн дээд хязгаарыг аль болох хурдан дээшлүүлж тогтоон шаардлагатай арга хэмжээ авах боломжийг олгох ёстой байсан гэсэн байна. Харин одоо бол нөхцөл байдал санаснаас ч хурдан хурц үр дагаварт хүрээд байна гэж хэлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн эцсээс Нью-Иоркийн хөрөнгийн бирж сүүлийн гур­ван жилийн доторхи хугацаанд үнэт цаасны хамгийн айхтар уналтыг мэдэрсэн байна. Энэ нь 2008 онд америкийн Lehman Brothers банк дампуурч улмаар дэлхийн санхүүгийн хямрал эхэлж байсан үеийг сангдуулж байгаа ажээ.

Энэ үйл явдал АНУ-д хамгийн том зээл­дүү­лэгч нь болох Хятадын эрх баригчдыг багагүй цочоосон бололтой. Хэдийгээр Нэгд­сэн улсын эдийн засаг асуудалтай байгааг мэдэж байсан ч ийм төвшинд хүртэл унасан нь тэдний хувьд магадгүй хүлээж байгаагүй асуудал болсон аж. АНУ-ын зээлжих чансаа буурсан мэдээлэл гармагц л Хятадын талаас АНУ-ын одоогийн эрх баригчдыг буруутгасан хурц шүүмжлэлүүдээр булж эхэлсэн байна. Хятадын эрх баригчид тэднийг зээлжих чансаа­гаа буурах эрсдэлээс улс орноо аварч чадаагүйг нь зэмлэн цаашдаа дэлхийн зах зээл дээр ам.долларыг орлож болох өөр валют хэрэг­тэй болж байгаад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ талаар Хятадын байр суурийг зарла­сан Синьхуа агентлаг “АНУ өөрсдийн бий болгосон өрийн асуудлаас зээл нэмж авах замаар мултарч гарах боломжит цаг хугацаагаа хэдийнээ алдсан” гэж мэдээлээд “Америк дол­ларыг орлохуйц өөр нөөц валютыг дэлхийд бий болгох ёстой” гэсэн байна.

Бусад орнуудын хувьд ч мөн АНУ-ын санхүүгийн энэхүү тогтворгүй байдалд санаа зовцгоож эхэлсэн аж. Тухайлбал Энэтхэг улс Хятадын байр суурийг хуваалцаж Нэгдсэн улсын зээлжих эрхийн чансаа бууж байгаад таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Япон болон БНСУ-ын хувьд АНУ-аас гаргаж байгаа өрийн бичгүүд урьдын адил итгэл хүлээж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын хоёр том түнш болох дээрхи хоёр Азийн орон түншийх нь зээл­жих чансаа буурсан тухай мэдээг тайв­наар хүлээн авсан бөгөөд дээрх хоёр орны санхүү­гийн хүрээнийхэн энэ талаар санаа зовохгүй байгаа талаараа мэдээлж байгаа гэнэ.

Японы Засгийн газрын нэгэн төлөөлөгч “Франс Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Болж байгаа үйл явдал АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах чадвар болон улсын сан хөмрөгийх нь итгэл төрүүлэх боломжид хандах бидний итгэлийг өөрчлөхгүй” гэсэн байна. Япон улс нь АНУ-ын хувьд Хятадын дараа орох хоёрдахь том зээлдүүлэгч нь болж байдаг тул энэ дүгнэлт туйлын ихээр анхаарал татаж байгаа бололтой. Япон улсын гадаад санхүүгийн нөөцийн томоохон хувийг АНУ-ын үнэт цаас эзэлж байгаа ажээ.

Мөн л АНУ-ын томоохон түншийн нэгэн болох Өмнөд Солонгосын төв банкны төлөөлөл “Ройтерс” агентлагт яриа өгөхдөө ойрын ирээдүйд АНУ-ын зээлжих чансаа буурсантай холбоотойгоор зах зээл дээр анзаарагдахаар өөрчлөлт бий болохгүй гэж бодож байгаагаа хэлжээ. Тэрээр дээрх таагүй дүгнэлтүүд нь зах зээл ажиглагчдын зарим нэг ташаа таамгалал байж болно гэсэн байна.  

Харин АНУ дотроо “Standard & Poor” агентлагийн гаргасан дүгнэлт шүүмж­лэлд өртөж байсан Барак Обамагийн Ард­чил­сан намын сөрөг хүчин болох Бүгд найрам­дах­чуудын хувьд тэр даруйд нь шүүрч аван шуугих “сайхан” сэдэв болж чаджээ. АНУ-ын засаглалын байгууллага дахь сөрөг хүчний төлөөлөл тус улсын зээлжих чансаа олон улсын тавцан дээр ийнхүү унасны гол буруутныг саяхан 50 насны ойгоо тэмдэглээд байгаа Барак Обама хэмээн үзэж буй аж.

АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч ноён Рик Сантори “Энэ үйл явдал нь АНУ-ын эдийн засагт төдийгүй  олон улсын тавцан дээрхи байр суурьт нь ч том цохилт болоод байна” гэж дүгнэсэн байна. Мөн тэрээр Барак Обамаг улс орноо эдийг засгийн хувьд эргээд тэнцвэртэй байдалд нь оруулах талаар өнөөг хүртэл ямар ч шат дараалсан төлөвлөгөө  оруулж ирээгүй гэж зэмлэжээ. “Хангалттай боловсролгүй удирдлага гэдэг ямар үр дүн авчирдгийг бид өнөөдөр хараад сууж байна” гэж тэрээр онцолжээ.

Нөгөө талаар АНУ-ын одоогийн ерөнхий­лөгч зөвхөн сөрөг хүчний төдийгүй өөрийн талынхнаасаа ч шүүмж сонсч эхлээд байгаа аж. АНУ-ын Ардчилсан намыг Сенатад толгойлж байгаа Гарри Рид мэдэгдэл хийхдээ “Standard & Poor” агентлагийн өгсөн дүгнэлт нь төсвийн алдагдлыг бууруулахдаа төсвийн зарцуулалтыг багасгах болон орлогыг нэмэг­дүүлэх арга хэмжээнүүдийг хослуулсан тэнц­­вэр­­тэй төсвийн бодлого хэчнээн чухал болохыг харуулж байгаа хэрэг боллоо” гэж дүгнэжээ. Энэ нь зарим нэг ашиг орлого өндөр­тэй компаниудад элдэв хөнгөлөлт үзүү­лэхээс татгалзах бодлого барихыг сануулж байгаа хэрэг бололтой. Тухайлбал, сүүлийн үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэнтэй уялдаад ихээхэн ашиг орлого­той ажиллаж байгаа АНУ-ын нефтийн компа­ниу­дад ямар нэг хөнгөлөлт үзүүлэхээс  татгалзах саналыг сенатын гишүүд гаргаад байгаа юм байна.

М.НАСТ

Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж