Хамгийн онцгүй мэдээлэл нь АНУ-ын зээлжих чадварын үзүүлэлт ойрын саруудад дахиад ч буурахаар байгааг “Standard & Poor” агентлаг мэдээлж байгаа явдал болно. Энэ нь АНУ-ын төсвийн алдагдал өсөхөөс болгоомжилж байгааг харуулсан үйл явдал болж байна гэж шижээчид дүгнэж байгаа аж. Учир нь олон улсын шинжээчид саяхан Конгресоор баталсан АНУ-ын төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө үр дүнтэй арга хэмжээ болж чадахгүй гэж үзэж байгаатай холбоотой юм.
Ийнхүү тус улсын зээлжих чадварын үзүүлэлт буурсан нь гаднаас АНУ-д хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулж улмаар одоо тэртээ тэргүй аюултай хэмжээнд хүрчихээд байгаа Нэгдсэн улсын төсвийн өр болоод, энэ оны хувьд 9.1 хувьтай байгаа ажилгүйдлийн төвшинг ч улам ч өсгөж болзошгүй болсон байна. АНУ-ын зүгээс “Standard & Poor” агентлагийг алдаатай дүгнэлт гаргалаа гэж шүүмжилж байгаа ч олон улсад нэр хүнд бүхий дээрх агентлаг “бид ажлаа мэднэ” гэсэн хариу өгчээ.
Ямартай ч АНУ-ын зүгээс хүнд байдлаас гарах боломжтой гэсэн бүх л арга хэмжээг авч байна.
Долоо хоногийн өмнө ерөнхийлөгч Барак Обама Нэгдсэн улсын төсвийг ирэх арван жилийн хугацаанд 2.4 их наяд (триллион) ам.доллараар танах хуулийг гарган гарын үсгээ зурсан аж. Гэвч нөгөө л “Standard & Poor” агентлагийн зөвлөж байгаагаар бол энэ мөнгө байдлыг зохицуулахад хангалтгүй гэнэ. Тэд дор хаяж дөрвөн триллион ам.доллараар төсвийг багасгаж байж л АНУ өрийн асуудлаасаа өндийж магадгүй гэж үзсэн аж
Асуудал ийнхүү хурц байдлаар өрнөх болсонд АНУ-ын засаг захиргааны хойрго, цаг алдсан үйл ажиллагаа гол буруутай гэж “Standard & Poor” агентлагийн хэлтсийн захирал Жон Чэмберс хэлээд Нэгдсэн улсын өрийн дээд хязгаарыг аль болох хурдан дээшлүүлж тогтоон шаардлагатай арга хэмжээ авах боломжийг олгох ёстой байсан гэсэн байна. Харин одоо бол нөхцөл байдал санаснаас ч хурдан хурц үр дагаварт хүрээд байна гэж хэлж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногийн эцсээс Нью-Иоркийн хөрөнгийн бирж сүүлийн гурван жилийн доторхи хугацаанд үнэт цаасны хамгийн айхтар уналтыг мэдэрсэн байна. Энэ нь 2008 онд америкийн Lehman Brothers банк дампуурч улмаар дэлхийн санхүүгийн хямрал эхэлж байсан үеийг сангдуулж байгаа ажээ.
Энэ үйл явдал АНУ-д хамгийн том зээлдүүлэгч нь болох Хятадын эрх баригчдыг багагүй цочоосон бололтой. Хэдийгээр Нэгдсэн улсын эдийн засаг асуудалтай байгааг мэдэж байсан ч ийм төвшинд хүртэл унасан нь тэдний хувьд магадгүй хүлээж байгаагүй асуудал болсон аж. АНУ-ын зээлжих чансаа буурсан мэдээлэл гармагц л Хятадын талаас АНУ-ын одоогийн эрх баригчдыг буруутгасан хурц шүүмжлэлүүдээр булж эхэлсэн байна. Хятадын эрх баригчид тэднийг зээлжих чансаагаа буурах эрсдэлээс улс орноо аварч чадаагүйг нь зэмлэн цаашдаа дэлхийн зах зээл дээр ам.долларыг орлож болох өөр валют хэрэгтэй болж байгаад итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Энэ талаар Хятадын байр суурийг зарласан Синьхуа агентлаг “АНУ өөрсдийн бий болгосон өрийн асуудлаас зээл нэмж авах замаар мултарч гарах боломжит цаг хугацаагаа хэдийнээ алдсан” гэж мэдээлээд “Америк долларыг орлохуйц өөр нөөц валютыг дэлхийд бий болгох ёстой” гэсэн байна.
Бусад орнуудын хувьд ч мөн АНУ-ын санхүүгийн энэхүү тогтворгүй байдалд санаа зовцгоож эхэлсэн аж. Тухайлбал Энэтхэг улс Хятадын байр суурийг хуваалцаж Нэгдсэн улсын зээлжих эрхийн чансаа бууж байгаад таагүй хандаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Япон болон БНСУ-ын хувьд АНУ-аас гаргаж байгаа өрийн бичгүүд урьдын адил итгэл хүлээж чадна гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-ын хоёр том түнш болох дээрхи хоёр Азийн орон түншийх нь зээлжих чансаа буурсан тухай мэдээг тайвнаар хүлээн авсан бөгөөд дээрх хоёр орны санхүүгийн хүрээнийхэн энэ талаар санаа зовохгүй байгаа талаараа мэдээлж байгаа гэнэ.
Японы Засгийн газрын нэгэн төлөөлөгч “Франс Пресс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Болж байгаа үйл явдал АНУ-ын хөрөнгө оруулалтыг татах чадвар болон улсын сан хөмрөгийх нь итгэл төрүүлэх боломжид хандах бидний итгэлийг өөрчлөхгүй” гэсэн байна. Япон улс нь АНУ-ын хувьд Хятадын дараа орох хоёрдахь том зээлдүүлэгч нь болж байдаг тул энэ дүгнэлт туйлын ихээр анхаарал татаж байгаа бололтой. Япон улсын гадаад санхүүгийн нөөцийн томоохон хувийг АНУ-ын үнэт цаас эзэлж байгаа ажээ.
Мөн л АНУ-ын томоохон түншийн нэгэн болох Өмнөд Солонгосын төв банкны төлөөлөл “Ройтерс” агентлагт яриа өгөхдөө ойрын ирээдүйд АНУ-ын зээлжих чансаа буурсантай холбоотойгоор зах зээл дээр анзаарагдахаар өөрчлөлт бий болохгүй гэж бодож байгаагаа хэлжээ. Тэрээр дээрх таагүй дүгнэлтүүд нь зах зээл ажиглагчдын зарим нэг ташаа таамгалал байж болно гэсэн байна.
Харин АНУ дотроо “Standard & Poor” агентлагийн гаргасан дүгнэлт шүүмжлэлд өртөж байсан Барак Обамагийн Ардчилсан намын сөрөг хүчин болох Бүгд найрамдахчуудын хувьд тэр даруйд нь шүүрч аван шуугих “сайхан” сэдэв болж чаджээ. АНУ-ын засаглалын байгууллага дахь сөрөг хүчний төлөөлөл тус улсын зээлжих чансаа олон улсын тавцан дээр ийнхүү унасны гол буруутныг саяхан 50 насны ойгоо тэмдэглээд байгаа Барак Обама хэмээн үзэж буй аж.
АНУ-ын Бүгд найрамдах намын төлөөлөгч ноён Рик Сантори “Энэ үйл явдал нь АНУ-ын эдийн засагт төдийгүй олон улсын тавцан дээрхи байр суурьт нь ч том цохилт болоод байна” гэж дүгнэсэн байна. Мөн тэрээр Барак Обамаг улс орноо эдийг засгийн хувьд эргээд тэнцвэртэй байдалд нь оруулах талаар өнөөг хүртэл ямар ч шат дараалсан төлөвлөгөө оруулж ирээгүй гэж зэмлэжээ. “Хангалттай боловсролгүй удирдлага гэдэг ямар үр дүн авчирдгийг бид өнөөдөр хараад сууж байна” гэж тэрээр онцолжээ.
Нөгөө талаар АНУ-ын одоогийн ерөнхийлөгч зөвхөн сөрөг хүчний төдийгүй өөрийн талынхнаасаа ч шүүмж сонсч эхлээд байгаа аж. АНУ-ын Ардчилсан намыг Сенатад толгойлж байгаа Гарри Рид мэдэгдэл хийхдээ “Standard & Poor” агентлагийн өгсөн дүгнэлт нь төсвийн алдагдлыг бууруулахдаа төсвийн зарцуулалтыг багасгах болон орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хослуулсан тэнцвэртэй төсвийн бодлого хэчнээн чухал болохыг харуулж байгаа хэрэг боллоо” гэж дүгнэжээ. Энэ нь зарим нэг ашиг орлого өндөртэй компаниудад элдэв хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах бодлого барихыг сануулж байгаа хэрэг бололтой. Тухайлбал, сүүлийн үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдсэнтэй уялдаад ихээхэн ашиг орлоготой ажиллаж байгаа АНУ-ын нефтийн компаниудад ямар нэг хөнгөлөлт үзүүлэхээс татгалзах саналыг сенатын гишүүд гаргаад байгаа юм байна.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин