Египетэд гурав хоногийн гашуудал зарлалаа

Хуучирсан мэдээ: 2017.11.25-нд нийтлэгдсэн

Египетэд гурав хоногийн гашуудал зарлалаа

Египетэд гурав хоногийн гашуудал зарлалаа

Египетэд 235 хүн үрэгдсэн аймшигт халдлага гарсны дараа тус улсад гурав хоногийн гашуудал зарлаад байна.

Синайн хойгийн хойд хэсэгт орших Бир-эль-Абед хотын сүмд өчигдөр /2017.11.24/ зэвсэгт этгээдүүд халдаж, тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 235 хүн амиа алдаж, 130 хүн шархаджээ. Египетийн орчин цагийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагын хариуцлагыг одоогоор аль нэг бүлэглэл хүлээгээгүй байна. 

Египетийн аюулгүйн албаныхан сүүлийн хэдэн жилд Синайн хойг дахь исламын шашны үймээн самуунтай тэмцэж байгаа ч тодорхой үр дүнд хүрсэн нь бага аж. Тус бүс нутагт “Исламын улс” зэвсэгт бүлэглэл нэг бус удаа хүний аминд хүрсэн халдлага үйлдэж байжээ. Тэд ихэнхдээ аюулгүйн албаныхан болоод христийн сүмүүд рүү халддаг. Харин энэ удаагийн халдлагын бай нь исламын суфи урсгалын сүсэгтнүүд байсан нь олон нийтийг цочроожээ. Тиймээс исламын шашны суфи урсгалыг шүтэгчдийг буруу номтон гэж үздэг босогчдын хийсэн хэрэг байж болзошгүй гэж Египетийн холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Халдлагын дараа Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси телевизээр мэдэгдэл хийхдээ гэм буруутай этгээдүүдийг заавал олж, зохих ял шийтгэлийг хүлээлгэхээ ард түмэндээ амлажээ. 

Египетийн зэвсэгт хүчин халдлагын хариуд зэвсэгт бүлэглэлийнхэн голдуу байрладаг Синайн уулархаг нутаг болон зэр зэвсгийн нөөц бүхий газруудад агаарын цохилт өгсөн байна.

 

ЮУ БОЛОВ?

Египетийн нийслэл Каир хотоос 211 км зайд орших Бир-эль-Абед хотын сүмд сүсэгтнүүд баасан гаригийн үдээс хойших мөргөл үйлдэж байх үед халдлага гарчээ. Зэвсэглэсэн хэдэн арван этгээдүүд автомашинаар сүмийг тойрон бүсэлж, сүмд тэсрэх бөмбөг суурилуулсны дараа сүмээс гарч зугтахыг завдсан хүмүүс рүү шууд гал нээж, хөнөөсөн байна. Сүм рүү нэвтрэх замыг хаахын тулд сүмийн ойролцоох машинуудыг галдан шатааж, түргэний тэрэг рүү гал нээжээ.

ХАЛДЛАГАД ХЭН ӨРТӨВ?

Халдлага гарсан сүмд тогтмол ирж, мөргөл үйлддэг байсан исламын шашны суннит урсгалын салбар суфи урсгалыг даган шүтэгчид халдлагад өртжээ. Суфичүүд исламын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн боловч “Исламын улс” зэрэг жихад бүлэглэлийнхэн тэднийг буруу номтнууд гэж үздэг байна.

Халдлагад амь үрэгдсэн хүмүүсийн дотор цэргийн алба хаагчид цөөнгүй байжээ.
 

ХАЛДЛАГЫН АРД ХЭН БАЙГАА ВЭ?

Египетэд 2013 оны долдугаар сард засгийн газрын эсрэг томоохон бослого гарч, исламын шүтлэгт ерөнхийлөгч Мохаммед Морсийг цэргийн хүчээр төрийн эрхээс буулгасны дараа Синайд цэрэгжсэн исламист бүлэглэлүүд халдлага үйлдэх нь ихэсчээ. 

“Исламын улс”-ын хамсаатан гэх “Синай муж” бүлэглэл олон тооны халдлага үйлдэж, цэрэг, цагдаа, энгийн гээд амь үрэгдэгсэд тоогоо алджээ. 

“Синай муж” бүлэглэлийг халдлага үйлдсэн байж болзошгүй гэж Египетийн холбогдох албаныхан үзэж байгаа аж.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж