Гүржийн Батуми хотын Leogrand зочид буудалд өнгөрсөн шөнө /2017.11.24/ гал гарчээ. Гал түймрийн улмаас 16 хүн амиа алдсан тухай тус улсын Гадаад хэргийн яам өнөөдөр /2017.11.25/ мэдээллээ. Одоогийн байдлаар амиа алдсан иргэдийг зүс таниулах ажиллагаа явагдаж байгаа ажээ.
Leogrand зочид буудалд гарсан гал түймрийн улмаас 21 иргэн бэртэж гэмтсэн байна. Тэдний гурав нь эмнэлэгийн яаралтай тусламж авсныхаа дараа эмнэлэгээс гарчээ. Харин үлдсэн 18 хүний биеийн байдал сайн байгаа гэж Батуми хотын эрүүл мэндийн газраас мэдээллэв. Эмнэлэгт Израилийн нэг, Туркийн тав, Гүржийн 12 иргэн хэвтэж байна.
Мөн 100 гаруй хүнийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, авран хамгаалсан гэж Гүржийн онцгой байдлын газраас мэдээллэв.
Болсон үйл явдалтай холбоотойгоор, Гүржийн Ерөнхий сайд Георгий Квирикашвили Брюссельд ‘Дорнын түншлэл’ дээд хэмжээний чуулган дуусмагц Батуми хотод хүрэлцэн иржээ. Тэрбээр Брюсселийн хурлыг дуусгаад Тбилисид айлчлах ёстой байсан юм. Улмаар айлчлалынхаа чиглэлийг өөрчилж, эх орондоо шууд ирэв.
Георгий Квирикашвили орон нутгийн удирдлагуудтай уулзаж, галын шалтгааныг олж тогтоохыг үүрэг болгосон байна. Мөн гал түймэрт амиа алдсан иргэдийн гэр бүл, ойр дотнын хүмүүст эмгэнэл илэрхийлжээ.
Э.УРАН