Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Польшийн Быдгош хотноо үргэлжлэн явагдаж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 53, 60, 69 кг-ын жингийн барилдаанууд болж медальтнууд тодорно. Энэ цагт алт болон хүрэл медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодроод байна. Манай улсаас өнөөдөр дөрвөн бөх дэвжээнд гарсанаас 53 кг-д Г.Отгонжаргал, 60 кг-д Э.Гантуяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгаран үлдлээ.
53 кг-д Г.Отгонжаргал эхний тойрогт хийлж, улмаар Хятадын Жи Занд ялагдсан ч \8-4\ дагах барилдаанд Канадын С.Члевас ыг 6-3-аар ялж, хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа. Тэрбээр медалийн төлөө АНУ-ын бөх Анн Феарнсидетэй барилдана. Хятадын бөх Канад, АНУ-ын бөхчүүдийг ялснаар аваргын төлөө Японы Михо Игарашитэй барилдана. Энэ жинд нийт 18 бөх барилджээ.
60 кг-д Э.Гантуяа Беларусын Ю.Писаренкатай хүрэл медалийн төлөө барилдана. Манай бөх Казахстан, Румыны бөхчүүдийг ялсан ч Укрианы Прокопевиникид 4-2-оор ялагдсан.
Энэ өдөр дэвжээнд гарсан 48 кг-ын Б.Чимгээ Укриан, 69 кг-д Г.Пүрэвсүрэн Азарбайжаны бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа.
Манай эмэгтэй бөхчүүдээс өчигдөр 58 кг-д А.Батцэцэг мөнгөн медаль хүртсэн юм. Шигшээ барилдаан 23.00 цагаас эхэлнэ.
Шууд үзэх https://unitedworldwrestling.org
Ч.БОЛОР