Мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын Кюүшюү башё ирэх ням гаригт өндөрлөнө. Фүкүка хотноо болж буй Кюүшюү башёг их аварга Хакүхо М.Даваажаргал 12 даваа, нэг унаатай тэргүүлж байгаа бол маэгаширагийн 3-с барилдаж буй Хокүтофүжи, Окиноүми нар 11 даваа, хоёр унаатай удаалж байна.
Хакүхо барилдаан эхлээд өрсөлдөгчөө сүүлдэж боссон гэж үзэн барилдаанаа зогсоосон ч шүүгч үргэлжлүүлсэн. Аваргын эрч саарах үед Ёшиказэ барилдаанаа үргэлжлүүлж түүнийг дэвжээний зах руу түрэн гаргасан юм. Хоёр бөх зэрэг шахам унахад дэвжээний шүүгч Ёшиказэд ялалтыг өгсөн. Тухайн үед Хакүхо шүүгчийн саналтай эвлэрч чадахгүй байгаагаа илэрхийлж, толгой сэгсэрсээр дэвжээнээс буусан. Тэгвэл энэхүү барилдаанаас хойш Хакүхогийн үйлдэл олны анхааралд өртсөөр байна. Учир нь энэхүү башёг их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нарын өндөр цолтой бөхчүүд өнжсөн. Тэр дундаа Харүмафүжиг нутаг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж, гэмтээсэн дуулиан намдаагүй хэвээр байгаа билээ. Тиймээс сүмогийн дэвжээн дээр болж барилдаан бүр анхаарал татаж, хамгийн сүүлд гэхэд Хакүхогийн үйлдэлд япончууд хүчтэй эсэргүүцэж эхэлжээ.
Кюүшюү башё их аварга Хакүхо М.Даваажаргал 12 даваа, нэг унаатай тэргүүлж байгаа бол маэгаширагийн 3-с барилдаж буй Хокүтофүжи, Окиноүми нар 11 даваа, хоёр унаатай удаалж байна. Мөн тэдний араас 10 даваа авсан бөх байхгүй ч Тамаваши Б.Мөнх-Оргил, Ичиножёо А.Ичинноров нар 9 даваа, 4 унаатай нэхэж буй.
Башёг тэргүүлж буй их аварга Хакүхо Эндотой барилдах бол Хокүтофүжи комүсүби Оношотой оноолт таарчээ.
Ч.БОЛОР