УИХ-ын чуулганаар Шинжлэх ухааны академийн төсөв, хөрөнгө оруулалт, төрийн захиалгат судалгаа шинжилгээний ажилд зарцуулсан хөрөнгийн хэмжээ, шинжлэх ухаан технологийн салбарт сүүлийн таван жилд улсын төсвөөс зарцуулсан хөрөнгийн хэмжээ үр дүнгийн өгөөж, цаашид шинжлэх ухааны салбарт төрөөс баримтлах бодлогын талаар” нэр бүхий гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонслоо.
Үргэлжлүүлээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Манай улс энэ жил гантай болон гандуу байсан тул ОХУ-аас улаан буудай, малын тэжээл, өвс импортлохоор болсон. Тиймээс дээрх хуулийн төслийн хүрээнд 2018 оны зургадугаар сарын 30 хүртэл хойд хөршөөс импортоор орж ирэх өвс, малын тэжээл, улаан буудайг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр заагаад байна.
Энэ төслөөр асуух асуулттай гишүүн байсангүй. Ингээд хуулийн төслийг дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа нэлээд хэдэн хуулийн төслийг эцсийн найруулгыг сонсоод өнөөдрийн чуулганы хуралдааныг өндөрлүүлэв.
Т.НОМИН