Хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа биш өмнө нь хамгаална

Хуучирсан мэдээ: 2017.11.24-нд нийтлэгдсэн

Хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа биш өмнө нь хамгаална

Хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа биш өмнө нь хамгаална

Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2017 оны эхний есөн сард хүчиндэх гэмт хэрэг 288 бүртгэгдсэний 135 нь хүүхэд хохирсон хэрэг байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 26 хэргээр буюу 23,9 хувиар өсчээ. 

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд 2017 оны эхний есөн сард 113 мянган дуудлага ирсний 186 нь бэлгийн хүчирхийллийн дуудлага байжээ. Эндээс хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл жилээс жилд нэмэгдэж буйг харж болно. 

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нуугдмал байдалтай, гэмт хэрэг шүүхээр шийдвэрлэгддэггүй, гэмт хэрэг үйлдэгчид хуулийн хариуцлага хүлээхгүй хохирогчид “насан туршийн хохирогч” хэвээр байсаар байгаагийн нэг илрэл нь бэлгийн хүчирхийлэл үйлдэгчдийн талаас илүү хувь нь хохирогчдын хамаатан, ах, найз нөхөд, эцэг, хойд эцэг нь байдагтай холбоотой. Тухайлбал, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 57.1 хувь нь ураг төрөл, хамаатан садандаа хүчирхийлүүлсэн гэдгээ нуугаагүй аж. Харин хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд 60 хувь нь хохирогчийн гэрт, 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт, 11.4 хувь нь айлд, 2.8 хувь нь машинд үйлдсэн байжээ. 

Сэтгэл сэрдхийлгэм гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хүүхэд, эмэгтэйчүүдээ хүчирхийллээс хамгаалахын тулд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тусгайлан хүүхэд хамгааллын аяныг эхлүүллээ. Мөн хүүхдийн эрхийн зөрчилд хяналт тавих эрх бүхий Хүүхдийн эрхийн улсын улсын байцаагчтай болов. Тодруулбал, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтийг дэмжиж, хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийллийг нийгмийн бүх орчинд бүрэн хориглох зорилготой “Хүүхэд хамгааллын 5 жилийн аян”-ыг Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран эхлүүлсэн. Тус аяны үйл ажиллагааны хүрээнд www.huuhedburt.mn цахим сайт, гар утасны аппликейшн боловсруулж, хүүхэд хүмүүжлийн эерэг арга, нас сэтгэхүйн онцлогийн талаарх таван төрлийн 8000 ширхэг брошур, гурван төрлийн гарын авлага, 10 төрлийн видео шторкыг үндэсний хэмжээнд түгээлээ. Гар утасны апп-ыг 1500 хэрэглэгч татан авчээ. Мөн Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийн зөрчлийг шалган шийдвэрлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах “Хүүхдийн эрхийн улсын байцаагч”-ыг сургаж бэлтгэв. 

Үүнээс гадна Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг өргөжүүлж, Засгийн газрын тогтоолоор төв болгов. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийг Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний 55 тоот тогтоолоор 24 цагаар дуудлага хүлээн авч, эрсдэлд орсон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээ цогц хэлбэртэй төв болгож өргөжүүллээ. 

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны үйл ажиллагаа, үйлчилгээний тухайд Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 231 дүгээр тогтоолоор Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр байгуулагдаж, 0-18 хүртэлх насны 212 хүүхдэд аюулгүй байдлыг хангаж, түр хамгаалах байрны үйлчилгээ үзүүлж байна. Түр хамгаалах байраар үйлчлүүлж буй нэг хүүхдэд өдөрт 19,100-54,000 төгрөг зарцуулдаг юм. 

Цаашид хүүхдийг хүчирхийлэлд өртсөний дараа бус өртөхөөс нь өмнө хамгаалдаг болох зорилтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тавьсан. Хүүхдэд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүй, амьдрах ухааны ур чадвар, дадал олгоход чиглэсэн хөгжлийн хөтөлбөрийн нэр төрлийг тодорхой болгож, шаардлагатай зардлын тооцооллыг гаргаж, үйлчилгээг хөгжүүлэх юм. Тухайлбал, хөгжлийн хөтөлбөрийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 35 хүүхдийн зуслан, өдөр өнжүүлэх төв, аймаг, орон нутгийн хүүхдийн ордон, асрамж, халамжийн төв, ТББ-ын үйлчилгээгээр дамжуулан хэрэгжүүлнэ. 

Төрийн бус байгууллагуудын үйлчилгээ, хөршийн холбоог дэмжиж, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд эрсдэлт нөхцөлд байгааг мэдсэн, ажигласан, таамагласан тохиолдлуудад хамтарсан баг, Хүүхдийн тусламжийн 108 утас, цагдаагийн 102, 107 дугаарын утсанд мэдээлэх хуулийн чиг үүргийг иргэдэд таниулан сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулж, илрүүлэлтийг нэмэгдүүлнэ. 

Хорооны хэсгийн байцаагч, олон нийтийн байцаагч нар, иргэд, эцэг эх, сайн дурынхныг хүчирхийллийг бууруулах үйл ажиллагаанд татан оролцуулна. 

Хуулиар үүрэг хүлээсэн талуудын хамтын ажиллагаа, зохицуулалтыг сайжруулж, нэгдсэн мэдээллийн сантай болно. талуудын үүрэг, оролцоо, хариуцлагыг сайжруулахад чиглэсэн бодит ажлуудыг зохион байгуулах юм.

Эх сурвалж: ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж