“Бээжин хот Монголын түүх, соёлтой салшгүй холбоотой”

Хуучирсан мэдээ: 2017.05.12-нд нийтлэгдсэн

“Бээжин хот Монголын түүх, соёлтой салшгүй холбоотой”

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор Я.Ганбаатартай ярилцлаа.


-Сайн байна уу? Манай сайтад таны хэд хэдэн өгүүлэл гарлаа. Тайвань дахь Монголын түүх, соёлтой холбоотой сонин сайхныг олж мэдэхэд манай уншигчдад таатай байгаа нь лав. Гэвч энэ удаад тантай өөр сэдвээр ярилцах гэсэн юм. Тухайлбал таны ажиллаж байсан Бээжин хотын тухай?

-За. Би 2001 оноос хойш арав гаруй жил Хятадад дипломат алба хашсан. Судлаач хүн учраас Бээжин хотод байдаг Монголын түүхийн дурсгалт газруудыг үзэж, судлахыг хичээсэн. Энэ хэдэн жилийн туршид олон газраар явсан даа. Ном хэвлэлүүдээс ч үзэж судалсан. Бээжин бол Монголын түүх, соёлтой салшгүй холбоотой томоохон дурсгалт газар мөн. Чингис хааны хөвгүүдийн байгуулсан дэлхийн эзэнт гүрнүүдийн нэг бол Юань улс байсан гэдгийг манайхан сайн мэднэ. Хубилай хаан 1265 онд Монголын Их гүрний нийслэлийг Бээжин рүү шилжүүлэн аваачсанаар түүхийн хуудсууд энэ нутаг дээр бичигдсэн учиртай. Тэр үед Бээжин, нүүдэлчдийн болоод суурин ард түмний төв, томоохон хот, нийслэл байсан газар. Хубилай хаан Их гүрний нийслэлийг Бээжинд аваачсанаар улам илүү өргөжин хөгжсөн. Хэдийгээр 700-800 жилийн урт хугацаа өнгөрсөн ч тэрхүү түүхийн үлдэгдэл зүйлс устаагүй үлджээ.

Хятад, Өвөрмонголчуудын дунд “Бээжин хотыг монголчууд байгуулалцсан" гэж ярьдаг нь үнэний хувьтай. Их Монгол Улсын тавдугаар хаан Хубилай 1261 онд гүрний нийслэлийг Хархорумаас нүүлгэн, эхлээд Дээд нийслэл Шандуд, дараа нь 1264 онд Бээжинд шилжүүлэн шинэ хот цогцлоож Дайду буюу Их нийслэл хэмээн нэрийдсэн юм. Энэ үеэс Бээжин хотын их бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд урьд нь энгийн нэг хот байсан бол их гүрний нийслэл болоод агуу том, үзэсгэлэнтэй сайхан хот болж хөгжсөн түүхтэй.

-Нүүдэлчин ард түмний үр сад суурин иргэншлийн том хотыг цогцлоосон нь гайхамшигтай юм даа?

-Тийм ч учраас Марко Поло зэрэг өрнө дахины элч жуулчид Бээжинг дорно зүгийн гайхамшигт нийслэл, дэлхийд хосгүй сайхан хот хэмээн бичсэн байдаг. Тухайн цагтаа Дэлхий гэж ойлгодог байсан Европ-Азийг бараг бүхэлд нь эзлэн авч, Дэлхийн эзэнт гүрэн байгуулсан их гүрний нийслэл ямаршуу байх нь танд төсөөлөгдөж байгаа буй заа. XIII зууны үеийн монголчууд дөрвөн нийслэлтэй байсан. Анхдугаар нийслэл Хархорум, их нийслэл Дайду-Хаан балгас, Дээд нийслэл Шанду, Дунд нийслэл Жундугаас гадна бас хэд хэдэн хот балгад барьж байгуулсан түүхтэй. Тэр бүгдийг дагаад соёл иргэншил идэвхжин урагшилж, урлаг, соёл, утга зохиол, шинжлэх ухааны олон салбар эрчтэй хөгжжээ. Бид тэр бүгдийг сайтар судлах ёстой. Би “Их гүрний дөрвөн нийслэл” гэдэг ном бичсэн. Харин хэвлүүлж амжихгүй л байна.

-Тэр үеийн Бээжин хот ямар байв, монголчууд энд сууж байхдаа юу барьж байгуулсан юм, энэ талаар хэлэх тоймтой зүйл одоо байдаг уу?

-Байхаар барах уу. Өчнөөн их зүйл байна. Олон арван судлагдахуун, бичиг ном, түүх судар байна. Бас цөөнгүй эд өлгийн дурсгал, хөшөө баримал, сүм хийд, орд харш, гудамж талбай байх юм гээч. Бээжинд ажилласан хэдэн жилийн хугацаандаа би тэр бүгдийг үзэж, судлахыг зорьсон. Заримаас нь дурдья л даа. Дайду-Хаан балгасын хэрмийн улдэгдэл, Чингис хаантай уулзсан хутагт арш Чанчунь бомбын тахилын сүм, Хубилай хааны Цагаан суварга, Хубилай хааны гүнжийн сүм, Номин үүлийн сүм, Хэвтээ бурхны сүм, Хубилай хааны орд өргөө байсан Бэйхай цэцэрлэг, Цагаан хэрмийн Цавчаал боомтын хаалга, Лалын шашны сүм, Хувилгаан мандалт сүм, Одон орны орны оргил буюу Тэнгэр шинжих ордонг тоочиж болно. Хутагт арш Чанчунь бомбын тахилын сүм гэхэд л хэчнээн сонин сайхан үзмэртэй гээч.    

Түүнчлэн дэлхийд анхдагчдын нэгэнд тооцогдох, хаад ноёдын үр хүүхдүүдэд дээд боловсрол олгож төрийн алба хашуулдаг байсан Төрийн хөвгүүдийн сургууль, Төрийн хөвгүүдийн гэгээрлийг эрхлэх яам, Күнзийн сүм, их хотын ард иргэдэд цаг мэдүүлдэг байсан Хонхот асар, онцгой хэрэг явдлыг ард олонд хүргэхийн тулд дохио өгч цуглуулах, баяр ёслолын зан үйл тэмдэглэх зориулалттай Хэнгэрэгт асар, Юань гүрний засгийн газар гэгдсэн Төв засгийн яамны туурь, Тэнгэрийн бошогт түмэн амгалант сүм… бий нь Монголын түүхийн арвин их, үнэ цэнтэй судлагдахуун зайлшгүй мөн.

-Бээжинд байдаг Монголын түүхийн содон сонин үзмэрүүдээс нэмж хэдэн жишээ дурдаач?

-1368 онд Хаанбалгасын барилга байгууламжуудыг бүртгэсэн тэмдэглэлд 100 гаруй газрын нэр хаяг байдаг. Үүнээс 40 гаруй нь өнөөдрийн байдлаар тогтоогдсон. Энэ 40 гаруй газраас 20 гаруйд нь ямар нэгэн үзэх юм бий. Балгас эсвэл сүм хийд нь бүрэн бүтнээрээ, үлдэгдэл туурь байдлаараа байж байна. Энэ болгоноос Монголын түүхийг харж болно. Эд бүгд Монголын өв соёлыг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлсэн байдаг газрууд юм.

Жишээлбэл Бээжин хотын хойд хэсэгт байх Цагаан хэрэмийн “Чавчаал боомт” гэж бий. Энд “Чавчаал боомтын хаалга” гэж гайхалтай өв, дурсгал үлдсэн байх юм. 1342 онд Юань улсын сүүлчийн эзэн хаан Тогоонтөмөрийн зарлигаар баригдсан их үзэмжтэй, гайхамшигтай хаалга. Энэ хаалганы түүхийг судалвал их зүйл гарч ирэх нь дамжиггүй. Хаалганы дотор хананд зургаан хэл бичгээр бичигдсэн гайхалтай дурсгал байдаг. Санскрит, түвд, уйгар, хятад, монгол, Си-Ся улсын хэл бичгээр бичигдсэн байдаг. Үүн дотор монголчууд түүхэндээ 10 шахам бичиг үсэг зохион хэрэглэж ирсний нэг болох, Хубилай хааны зарлигаар Төвдийн Пагва лам Лодойжалцаны зохиосон дөрвөлжин үсгийн бичээс бий. Энэ бол нүдээр үзэж, гараар барьж болох бодит дурсгалын нэг жишээ.

Цагаан хэрэмийн Цавчаал боомтын хаалга

Энэ бичиг бол монгол хэл бичгийн дундад эртний үеийн гайхамшигтай өв дурсгалын нэгд тооцогддог, хэл бичгийн эрдэмтдийн чухалчлан үздэг гайхалтай эх сурвалжуудын нэг юм. 1959 онд Цэндийн Дамдинсүрэн гуайн бичсэн “Монголын уран зохиолын дээж 100 билиг” номд энэ тухай дурдсан байдаг. Хубилай хааныг магтан дуулсан шашны утга агуулагтай өв дурсгал шүү дээ. Шашны утгаараа ч,  хэл бичиг, уран зохиолын талаасаа ч тэр, Монголын түүх соёлын чухал дурсгал мөн.

-Бээжинд Монголын түүхийн талаар энэ мэтчилэн судалгаа хийх явцад таны олж мэдсэн хамгийн сонин түүхийн дурсгал нь юу байв?

-Сонин содон зүйл олон бий. Өөрийн судалсан 20 гаруй түүхэн өв, дурсгалаас нэг, хоёрыг нэмж дурдья. Жишээлбэл Бээжин хотын төв дунд байдаг Бэйхай цэцэрлэг бол Хубилай хааны орд өргөө байрлаж байсан газар юм. Өөрийнх нь болоод хатад, ханхүү, гүнж нарынх нь орд өргөө байсан. Нэг ёсондоо их гүрний төр засаг тэнд төвлөрч байжээ. Ном судраас олж үзээд, газар дээр нь явж судлахаар их сонин. Хубилай хааны сархдын хаш бумба хэмээх гайхамшигтай эд зүйл бий. Өнөөдөр БНХАУ-ын төрийн эрдэнэсийн сангийн нэгдүгээр зэргийн үнэт эрдэнэ бүртгэлд орсон энэ дурсгал нь 3,4 тонн орчим жинтэй, эргэн тойрных нь диаметр нь гэхэд дөрвөн метр, өндөр нь 70 сантеметр, хар ногоон хаш чулуугаар хийсэн сархдын хаш сав юм.

-Энэхүү сархдын савыг тухайн үед монгол дархад хийсэн байх даа?

-Үүнийг тодотгож судлах шаардлагатай. Бидний ойлголтоор энэ хаш сав бол айраг сөгнөдөг сав юм. Харин түүх сударт бичигдсэнээр Хубилай хаан төрийн их ёслол  хүндэтгэлийн үеэр энэ саванд янз бүрийн сархад, айраг хийж сөгнөж, ирсэн зочид гийчдэд, төрийн ноёд түшмэдэд хундаглаж өгдөг байсан гэж бичсэн байдаг. Хачин сайхан сийлбэртэй. Хаш бумбаны сууриар усан хээ, дээгүүр ургамал цэцэг, мод сийлсэн. Түүний дээгүүр үүлэн хээтэй. Үүлэн хээний дээгүүр хангарьд шувуу, үлгэрийн амьтад нисч дүүлж байгаагаар сийлсэн байдаг. Түвдэч эрдэмтэн Л.Хүрэлбаатар багш олон жилийн өмнө 2003 онд шиг санагдана, энэ дурсгалыг надад тайлбарлаж өгч байсан юм. Хүрэлбаатар багш Японд багшилж байгаад Бээжинд нэг ирж хэд хонохдоо “Бэйхай цэцэрлэгт ийм нэг юм байдаг гэж сонссон, хоёулаа үзье” гэж намайг дагуулан явж, хайж хайж олж үзсэн юм. Түүнээс өмнө монголчууд мэддэггүй байсан юм шүү дээ.

-Үнэхээр сонин санагдаж байна. Та энэ бүхнийг үзэж мэдээд монголчууддаа хэрхэн хүргэв? Ямар ном, бүтээл болгов? Хүмүүс ч сонирхох нь лавтай?

-Эртний түүхтэй Бээжин хотыг орос, америк, англи, япон гээд гадаадынхан нэлээд судалж ном, цомог гаргасан байдаг. Тэр бүгдээс хамгийн анхных нь 1275 онд Хаан балгаст ирж Хубилай хаанд бараалхаж, дэргэд нь алба хашин суусан мөнөөх Марко Пологийн тэмдэглэл юм. Дараагийнх нь 1793 онд Бээжинд ирсэн английн хатан хааны элч төлөөлөгч Макговерн гэгч хүний тэмдэглэл дорно зүгийн энэ гайхамшигт хотын тухай сонин хачныг өрнө дахинд дахин хүргэжээ. 1808 онд Хаант Орос улсын Төлөөлөгчийн газарт ажиллахаар томилогдож ирсэн их эрдэмтэн Н.Я.Бичурин арван гурван жил энд амьдран суухдаа Бээжин хотыг ёстой л нүхэлж судалсан байдаг. Түүнээс яг хоёр зуун жилийн дараа би тэгж явж судалсан юм. Тэр үед Элчин сайдаар ажиллаж байсан Г.Батсүх их дэмжиж, олон газарт нь хамт явж, зураг авсан. 2012 онд бид хамтран “Гүрний их нийслэл Дайду-Хаанбалгас” нэртэй цомог ном хэвлүүлсэн юм. Бас нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн гуайтай хамтран цуврал баримтат кино хийж 2013 онд үзэгчдэд хүргэсэн. Түүнээс хойш телевизээр үе үе гарсаар ирсэн. Энэ явцад Монголын түүх, монголчуудын намтар цадиг, соёл урлагийн их өв сан тодорч байгаа нь чухал юм даа.

Хубилай хааны сархдын хаш сав

-Түүх цадигтаа тэмдэглээд зогсохгүй бүтээж босгох зүйл их байгаа бололтой?

-Дээр ярьсан бүхнийг судлан гаргаж ирж, түүх бичлэгтээ оруулахын зэрэгцээ онцгой содон, гайхамшигтай гэгдсэн заримыг нь бид Монголдоо дахин хийж бүтээж яагаад болохгүй гэж. Жишээлбэл, бид гадаад дотоодод Монголын эзэнт гүрний их нийслэл Хархорум хот гэж баахан сурталчлаад юу үзүүлж харуулдаг билээ? Үнэндээ тэнд XIII зуунд холбогдох өв дурсгал байхгүй, бүр хожуу XVI-XVII зууны үеийн л дурсгалууд бий. Тэнд очсон гадаадынхан голж чамлан “Агуу их гүрний их нийслэл гээд рекламдаад байсан! Хаа байна, тэр чинь?” гэцгээдэг юм гэсэн. Бодит байдал үнэндээ тийм л байгаа шүү дээ. Уг нь Хархоринд Хубилай хааны байгуулсан алдарт Цагаан суваргыг яг дуурайлган барьж байгуулж болох юм. Өнөөдөр манай аймаг, сум бүхэн жалгын нэг сүм хийд байгуулж суварга цамхаг босгох болсон. Ингэж байхын оронд улс үндэстний хэмжээний томоохон зүйлд хөрөнгө хүчээ нийлүүлүүштэй. Тэгэхдээ Хархоринд төвлөрүүлэх нь зөв гэж боддог.

Бас их хааны бошго зарлигаар цутган үйлдсэн Хэвтээ бурхан байна. Гиннесийн номд бичигдсэн энэ бурхан бол хосгүй гайхамшигт бүтээл. Бурхан багш нирваан дүрийг үзүүлж, амар амгалан хэвтэн нойрсож буй энэ дүр төрх бол ертөнц даяхнаар энх тайван ноёлон байгааг бэлгэдсэн, тухайн цаг үеийн монголчуудын сэтгэл, ур ухаан шингэсэн гайхамшигт бүтээл. Бурхан багшийн энэ энх тунх, амар амгалан дүр төрх бол “Бурхны сургаалиар түмний сэтгэлийг засах" Хубилай хааны төрийн бодлогын илэрхийлэл юм. Энэ их учир жанцанг илтгэн шингээж, түүхийн гэрч болсон урлагийн том бүтээлийг хувилан үйлдэж Хархорумд залвал сайхан.

Гэхдээ Монголын түүхтэй холбоотой бүхнийг дуурайлган хуулбарлах гэвэл утгагүй зүйл болно. Заавал эрт дээр үед монголчуудын оролцоотойгоор бүтсэн зүйлс гэлтгүй, өнөөдөр ч бид өөрсдөө сэтгээд түүх соёлоо дээдлэн мөнхжүүлж болох юм гэдгийг Дайду-Хаанбалгасын хэрэмийн үлдэгдэл туурь дээр сүүлийн жилүүдэд барьж босгосон орчин үеийн хөшөө дурсгалууд бүхий амралт зугаалгын газар, цэцэрлэгт хүрээлэнгүүдээс нь бид үлгэр жишээ авч болох шүү дээ. Тэр цагт их хааны зарлигаар байгуулсан нийслэл хотын хэрмийн эргэн тойрон нь 28 км байсан бол өнөөдөр түүний 12 км нь үлдсэн байгааг Бээжин хотын захиргаа хамгаалалтад аван сэргээн тордож, үзүүштэй сайхан хөшөө дурсгалуудтай цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан байдаг юм.

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Манай сайтад энэ номоосоо цувралаар өгөөрэй.

-Тэгэлгүй яахав. Аль болох олон монгол хүн үзээсэй гэж хүсч байна. Тэгээд Бээжинд очсон хойноо зах, дэлгүүрээр явахынхаа хажуугаар зав гаргаж ганц нэгийг нь ч гэсэн үзвэл харамсахгүй л байх даа.

Хубилай хааны гүнжийг оршоосон суварга

Хэвтээ бурхан. Түүний дээр “Нирваан дүрийг олсон хойно сая туйлын амгаланд хүрмой” хэмээсэн бичээс

1270-аад оны үед байгуулагдсан Төрийн хөвгүүдийн сургуулийн гудамж өнөөдөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж