УИХ-ын чуулганаар Зөрчлийн тухай хууль батлагдсантай холбоотой Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлт нь гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг этгээдийг баривчлах заалт оруулж байгаа юм байна. Харин Эрүүгийн хуульд хилээр “Мими” гэдэг эмийн бодисыг оруулж ирэхийг хориглосон заалт оруулжээ. Дээрх заалтуудыг УИХ-ын гишүүд дэмжиж батлав.
Үүний дараа Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Иргэд нэг зүйлийг их ярьдаг. Гурав хоногийн насгүй замтай болчихлоо гэж. Үүнээс гадна энд байгаа гишүүдийн ирц нэлээд төвөгтэй болчихлоо. Кноп дарахад 10 секунд арай урт байна. 10 секунд өнгөрөх хооронд гишүүд бусдынхаа кнопыг дараад гүйгээд байна. Нэг кноп дарахад хоёр секунд шаардлагатай.
О.Баасанхүү гишүүний хэлж буйгаар чуулганы танхимд тун цөөхөн гишүүн байгаа аж. Тэр утгаараа асуулт асуух гишүүн ч цөөн байв. Ингээд зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж хуулийн төслийг батлав.
Үүгээр УИХ-ын чуулган өндөрлөж байна.
Т.НОМИН