“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн III тойргийн өмнө

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

“Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн III тойргийн өмнө

Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээ уралдаануудаас хамгийн өндөр шагналын сантай болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн гуравдугаар тойргийн сонирхолтой тоглолтууд биднийг хүлээж байна. Гуравдугаар тойргийн эхний тоглолт баасан гаригийн 19:00 цагт “Унаганууд” болон “Гоёо Эф Си” багуудын хооронд болно. “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн аварга “Гоёо Эф Си” өнгөрсөн тойрогт “Сэлэнгэпресс”-ийг 1:0-ээр буулган авч дээд лигийн анхны хожлоо авсан бол “Унаганууд” одоогоор хожилгүй явна. Тиймээс “Гоёо Эф Си” лигийн байрлалаа улам баталгаажуулах “Унаганууд” анхны хожлын авахын төлөө сонирхолтой өрсөлдөөн үзүүлэх нь дамжиггүй. Харин энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг бямба гаригийн 13:00 цагт ДЦС-4 талбайд өнгөрсөн жилийн аварга “Эрчим”, мөнгөн медальт “Хангарьд” багуудын хооронд өрнөнө. Тус хоёр баг өнгөрсөн улирлын есдүгээр сард ДЦС-4 талбайд лигийн аваргын хувь заяаг шийдэхүйц чухал тоглолт хийхэд эзэн баг “Эрчим” 5:1-ээр илүүрхэж байв. Тэр ч утгаараа “Эрчим” дээд лигт 10 дахь удаагаа түрүүлэх боломж нээгдсэн бол лигийн өрсөлдөөн улам ширүүссэн энэ үед тус хоёр багт ганц оноо ч ус агаар мэт хэрэгтэй байгаа. Бямба гаригийн хоёр дахь тоглолт “Дэрэн”, “Эф Си Улаанбаатар” клубүүдийн хооронд 16:00 цагаас болно.

Одоогоор хожил авч амжаагүй яваа хоёр багийн сүүлийн дөрвөн учраанд “Эф Си Улаанбаатар” гурав хожсон бол “Дэрэн” нэг илүүрхсэн байдаг. Тэгвэл энэ удаагийн тоглолтын хувь заяа аль багийн талд шийдэгдэхийг та бүхэн бямба гаригт 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд ирж сонирхоорой. Олон жил дээд лигийн тэмцээнд дөрөө харшуулан өрсөлдсөн “Сэлэнгэпресс”, “Хоромхон” клубууд ням гаригт 13:00 цагаас тоглох хуваарьтай байна. Эхний хоёр тойргоос эерэг үр дүн авсан өнгөрсөн жилийн хүрэл медальт “Хоромхон”, “Сэлэнгэпресс”-тэй “Хүрхрээ лиг”-ийн хүрээнд дөрөв тоглохдоо хоёр хожиж, нэг тэнцээ, нэг хожигдол хүлээсэн. Өмнөх статистик болон одоогийн нөхцөл байдлаар “Хоромхон” илүү байгаа ч “Сэлэнгэпресс” талбай дээр хэзээд аюул тарьж мэдэх хүчирхэг баг. Тиймээс тун сонирхолтой 90 минут та биднийг хүлээж байна. Тавдугаар тойргийн сүүлийн тоглолт тэргүүлэгчдийн эгнээнд адил зургаан оноотой бичигдэж буй “Улаанбаатар сити” болон “Атлетик 220” багуудын хооронд явагдана. Хэдийгээр багууд анх удаа дээд лигт учраа таарч байгаа боловч тэдний бүрэлдэхүүнд байгаа шилдэг тоглогчид бие биеийнхээ тоглолтын арга барилыг сайн мэднэ. Хэн хожсон нь есөн оноотой болж хүснэгтийн байрлалаа улам таатай болгох учраас хоёр багийн хувьд төдийгүй, үзэгч хөгжөөн дэмжигчдийн хувьд маш чухал тоглолт болно.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж