Монголчуудын ирэх жил хэрэглэх гурилыг бэлтгэхээр тариаланчид талбайдаа гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 8-аас Төв, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн тариаланчид тариалалтаа эхлүүлсэн байна.
Улсын хэмжээнд энэ жил 381.6 мянган га-д үр тариа, үүнээс 362.1 мянган га-д улаан буудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1000 га-д жимс, жимсгэнэ тариалах зорилт дэвшүүлсэн тухай Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун тодотголоо.
Тариалалтын явцыг сонирхвол, тавдугаар сарын 9-ний байдлаар 16.4 мянган га-д үр тариа, 569 га-д төмс, 146.2 га-д хүнсний ногоо, 5527 га-д тосны ургамал тариалжээ. Улсын хэмжээнд тариалалт 3.2 хувьтай яваа ба нийт 17.3 мянган га-д тариалалт хийсэн байна.
Аймгуудаар нь нарийвчилбал Төв аймаг 5689 га-д, Сүхбаатар аймаг 4000 га –д, Хөвсгөл аймаг 3400 га-д, Хэнтий аймаг 2000 га-д, Сэлэнгэ аймаг 980 га-д, Булган аймаг 300 орчим га-д тус бүр тариалалт хийжээ.
Сүхбаатар аймагт тариалалт хамгийн өндөр хувьтай яваа нь тосны ургамлыг түлхүү тариалж байгаатай холбоотой аж.
Улсын хэмжээнд тариалалт жигдрээгүй, алагтай цоогтой байгаа нь төвийн бүс нутгаар хур тунадас орж, сэрүүссэн нь тариаланчид тэнгэрийн аашийг харзнахад хүргэжээ. Мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад тариалалт 2-3 хоногоор оройтож эхэлсэн нь цаг агаарын байдалтай холбоотой тухай тус яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга онцоллоо. Гэхдээ хөрсний чийг хангалттай байгаа учраас дулаарангуут тариалалт жигдрэх боломжтой аж.
Үрийн буудай дутах уу?
Хаврын тариалалт эхлэх болоход үрийн буудай дутаж, гаднаас импортлох шаардлага тулгардаг. Энэ талаар холбогдох албаны хүнээс тодруулахад үрийн буудай дутах бэрхшээл гараагүй аж.
Улсын хэмжээнд 362 мянган га –д тариалалт хийхэд 54 мянга орчим тонн үрийн буудай шаардлагатай байжээ. Үүнээс 40 мянга орчим үрийн буудайг тариалан эрхлэгчид, 4600 тонн үрийн буудайг Тариалан эрхлэлтийг дэмжих санд, 5800 тонн үрийн буудайг Улсын нөөцийн газар тус бүр нөөцөлсөн аж. Өөрөөр хэлбэл, 3000-4000 тонн үрийн буудай дутах тооцоо гарсан ч аж ахуйн нэгжүүдэд урьд жил нөөцөлсөн үр байсан нь импортлох шаардлагагүй болгожээ.
Үрийн буудайгаа дотоодоосоо 100 хувь хангах бололцоотой болсон нь өнгөрсөн жил цаг агаар тааламжтай байж, тариаланчид өндөр ургац авсан нь нөлөөлжээ.
Тариаланчдад хүүгүй зээл олгож байна
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбатын тодотгосноор хаврын тариалалтаа эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тариаланчдад түлш, бордоо, үрийн будаа, ургамал хамгааллын бодис (үр ариутгалын бодис)-ыг зээлээр олгож эхэлжээ. Үйл ажиллагааны зардлыг эс тооцвол дээрх зээлийг хүүгүйгээр олгодгоороо онцлогтой аж.
Улсын хэмжээнд газар тариалан эрхэлдэг 1300 гаруй аж ахуйн нэгж, иргэн байдгаас одоогоор 400 гаруй нь Тариалан эрхлэлтийг дэмжих сантай гэрээ байгуулан, зээлд хамрагдаж эхэлжээ.
Зээлийг олгохдоо урьдчилгаа төлөх нөхцөл шаарддаг байна. Урьдчилгааны хэмжээ нь ямар төрлийн зээлд хамрагдахаас шалтгаалж, өөр, өөр аж. Тухайлбал, шатахууны зээл урьдчилгаа 50 хувь, бордооны зээл урьдчилгаа 30 хувь, үрийн буудайн зээлд хамрагдах бол 40 хувийн урьдчилгааг төлнө. Үлдэгдэл зээлээ намрын ургац хураалтын дараа төлнө. Хураан авсан буудайгаараа ч төлж болно, эс бол бэлэн мөнгөөр ч төлж болно. Сонголтыг тариаланчид хийх юм байна.
Хаврын тариалалтад зориулж 4200 тонн түлш, 5000 орчим тонн үрийн буудай, 3000 тонн бордоо, ургамал хамгааллын бодисыг нийт тариалалтын талбайн 50 хувийг хангахуйц хэмжээний байхаар төлөвлөж тус бүр зээл олгож буй аж.
Техникийн зээлийг 2 хувийн хүүтэй авч болно
Газар тариаланг хөгжүүлэхэд зориулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж, тариаланчдад техникийн зээлийг олгож ирсэн юм. Уг зээлийг авах бололцоо тариаланчдад байна. Ингэхдээ Хятадын техник хэрэгсэл худалдан авах бол жилийн хүү нь хоёр хувь аж. Зээлийг буцаан төлөх хугацаа таван жил. Жилийн хоёр хувийн хүүг арилжааны банкуудаас олгодог бизнесийн зээлтэй харьцуулахад даруй 10 дахин бага байгаа юм.
Одоогоор тус сангийн үйлдвэрлэлийн баазын агуулахад 10 гаруй төрлийн техник, тоног төхөөрөмж бий аж.
Зургаа, долдугаар сард халж болзошгүй
Газар тариалан эрхлэгчид тухайн жилдээ арвин ургац авч чадах эсэх цаг агаарын байдлаас шалтгаалдаг.
Цаг уур, орчны шинжилгээний газраас Хүнс хөдөө аж ахуйн яаманд өгсөн урьдчилсан мэдээллээр ирэх зургаа, долдугаар сард олон жилийн дундажтай харьцуулахад газар тариалангийн гол бүс нутагт илүү халж мэдэх төлөвтэй байна. Тодруулбал, Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар дунджаар 0.5-1.0 градусаар дулаан байх төлөвтэй бол долдугаар сард Увс, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас 05.1,0 градусаар дулаан байх төлөв гарчээ.
Хаврын тариалалт эхлэхээс урьтаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тариаланчдын зөвлөгөөн зохион байгуулсан бөгөөд энэ талын мэдээллийг тариаланчдад өгсөн аж. Мөн Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн цаг агаарын урьдчилсан мэдээнд үндэслэн гаргасан технологийн зөвлөмжийг тариаланчдад ч өгчээ.
Түүнчлэн урьдчилан гаргасан цаг агаарын төлөв одоо мөн өөрчлөгдөж байна гэдгийг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтан онцолсон. Тиймээс тариаланчдын хувьд цагийн байдалд тохируулан ажиллах шаардлага тулгарч мэдэх аж.
2015 онд газар тариалангийн гол бүс нутагт үргэлжилсэн халалт болж, ган нүүрлэснээс тариаланчид ургацынхаа 40 орчим хувийг алдаж байсан. Харин 2016 онд цаг агаар тааламжтай байснаар арвин ургац хураан авчээ.
Г.ДАРЬ