Автомашингүй өдрийг ирэх бямба гаригт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2017.05.13-нд нийтлэгдсэн

Автомашингүй өдрийг ирэх бямба гаригт зохион байгуулна

Жил бүр зохион байгуулагддаг “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн тавдугаар сарын 3 дахь долоо хоног буюу энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр болно. Иймээс энэ өдөр тодорхой хэсгийн замыг чөлөөлж, автомашингүй өдөр болгохоор болсон байна.

“Улаанбаатар марафон-2017” Олон улсын гүйлтийн тэмцээний үеэр зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймээс эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 34 чиглэлийн 331 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орохоор болжээ.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар үйлчилнэ.

Энхтайваны өргөн чөлөөний авто замын тодорхой хэсгийн хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 "5 шар – Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхгүй юм байна.

Г.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж