Д.Отгонхүү Ленин ууланд авирахаар төлөвлөжээ

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

Д.Отгонхүү Ленин ууланд авирахаар төлөвлөжээ

Европ тивийн ноён оргил Эльбрус /5642м/ ууланд болсон “Redfox Elbrus race-2017” өндөр уулын гүйлтийн олон улсын тэмцээнд Монголын тамирчин Д.Отгонхүү түрүүлсэн талаарх мэдээллийг бид хүргэсэн. Тэрбээр 12 орны 350-иад уулчин тамирчин оролцсон тэмцээний skyrace төрөлд 2:59:13 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлсэн юм. Энэхүү тэмцээн тавдугаар сарын 1-8-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан. Өндөр уулын скайраннинг буюу уулын гүйлтийн олон улсын тэмцээнээс Монголын тамирчдын анхны медалийг хүртсэн Д.Отгонхүүгийн талаарх мэдээллийг эргэн хүргэе.

Уулчин Д.Отгонхүү “Mongol mounteering” сэтгүүлээс энэхүү уралдааны талаарх мэдээллийг 2013 онд анх авчээ. Тэр үеэс өндөр уулын гүйлтийн төрлийг сонирхон хичээллэх болсон байна. Д.Отгонхүү энэ уралдаанд өмнө нь 54 дүгээр байрт орж байсан ч холын зайд буюу Азау /2350 метрээс/ тосгоноос оргил хүртэл уралдаанд 16 дугаарт байрт шалгарч байжээ. 2016 онд сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлж, үндсэн тэмцээндээ тавдугаар байрт орж байсан байна. Энэ жил 3800 метрээс 5642 метр хүртэл гүйжээ. Энэ төрөлд нийт 10 улсын 130 гаруй тамирчин оролцсоноос Д.Отгонхүү түрүүлж, Орос, Эквадорын уулчид хоёр, гуравдугаар байрт орсон байна. Д.Отгонхүү тэмцээн оролцохоос өмнө долоо хоногийн өмнө Эльбруст авирч бэлтгэл хийжээ. Түүний хувьд хоёр дахь удаагаа Эльбруст ууланд гүйж, аваргын алтан медалийг эх орондоо авчраад байна. Энэхүү тэмцээний дараа Аугаа их ялалтын баярын 70 жилийн ойд зориулсан “Европ тивд үүнээс дээш гуйх газаргүй” уриатай “Redfox Elbrus race” нэртэй Олон улсын А зэрэглэлийн тэмцээнд оролцсон байна.

Д.Отгонхүү уулын гүйлтийн тэмцээн болдог хамгийн өндөр оргил болох Кыргызстаны Ленин ууланд ирэх наймдугаар сард болох тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа аж. Энэ уулын өндөр 7034 метр.

Сануулахад, Монгол улсын спорт авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 13-14-ний өдрүүдэд болохоор болжээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж