Үндсэн хуулийн өөрчлөлт бол М.Энхболд, Х.Баттулга, Н.Энхбаяр гурвын хэн нь Ерөнхийлөгч болох вэ гэдгээс ч чухал сэдэв л дээ, уг нь. Гэвч, өнөөдрийн хувьд олон нийт Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч хэн байх вэ хэмээн талцаж, таавар уралдуулж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр л хөндөж байгаа юм биш. Дөрвөн парламент дамжиж буй ужиг сэдэв. Гол нь Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зургадугаар сарын 26-нд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх ард түмний санал асуулгыг авахаар яригдаж байгаа нь улс төр, хуулийн хүрээнд маргаан мэтгэлцээн шүүмжлэл дагуулах болсон юм.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29, 30-нд Төрийн ордонд үндсэн зургаан сэдвээр Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан бөгөөд анхдугаар санал асуулгын дүнг үндэслэж гаргасан санамж, тайланг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Зөвлөлдөх зөвлөлийн дарга Д.Ламжав нар УИХ-ын дарга М.Энхболдод тавдугаар сарын 5-ны өдөр гардуулсан.
Тэгвэл өнгөрсөн Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Ийнхүү арав гаруй жилийн турш ярьсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал эрчимжиж, засаглалынхаа хэлбэрт өөрчлөлт оруулахаар М.Энхболдын парламент шуурхайлж байна.
Гэвч, Үндсэн хуулийн өөрчлөлтийг парламентын дөрөвний гурав нь дэмжсэн тохиолдолд хөдөлнө. Хэдийгээр МАН өнөөдөр парламентад 65 суудалтай байгаа ч Үндсэн хуулийг өөрчлөхдөө хөнгөн хуумгай хандаж болохгүй гэдгийг сануулах, ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэгцээд ард түмнээс санал асуулга явуулах нь зохимжгүй гэж үзэх хүмүүс олонх дотор цөөнгүй байна.
Хэрэвзээ ирэх сарын 26-нд хоёр санал хураалт нэгэн зэрэг явуулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлнө гэж нэг хэсэг нь болгоомжилж байгаа бол үүний хариуд УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нарын зүгээс “Ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь зохион байгуулснаар хөрөнгө зардал хэмнэгдэж байгааг тайлбарлах болсон билээ.
Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон хуулийн төсөлд “Санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэснийг “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” болгон өөрчлөхөөр тусгасан байна.
Харин гишүүдэд тараагдаад удаагүй байгаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг харахад парламентын засаглалыг хадгалж үлдэх ч, Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэвээр үлдэх, Ерөнхий сайдад эрх мэдэл олгох боловч, парламентаа тараах хэмжээний бүрэн эрх өгөхгүй байхаар яригдаж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Засгийн газрын яамдын тоог тогтоож өгөх, уг бүтэц нь
Хууль зүй, дотоод хэргийн яам
Сангийн яам
Гадаад хэргийн яам
Батлан хамгаалах яам
Эдийн засгийн хөгжлийн яам
Хөдөө аж ахуй, хөнгө үйлдвэрийн яам
Гэгээрлийн яам
Байгаль орчны яам
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам гэж есөн яамтай байхаар төсөлд суулгаж өгчээ.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгоог Ерөнхийлөгч ёсчлох, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчийг Ерөнхий сайд санал болгож байхаар яригдаж байгаа аж.
Монгол Улс Үндсэн хуулиа өөрчлөх үү, үгүй юу гэсэн асуудлаар анх удаа ард түмнээсээ санал асуулга авах гэж байна. Гэхдээ, яг ямар чиглэлээр санал асууж, ямар байдлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах вэ гэсэн бүрэн дүүрэн ойлголт ард түмэнд харамсалтай нь алга.
Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулиан дундуур Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, монголчуудын язгуур эрх ашгийг хамгаалсан хуулийн өөрчлөлт шуудрах нь гэсэн болгоомжлол, хүлээлт байна.