Юлия Тимошенког баривчлан хорив

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Юлия Тимошенког баривчлан хорив

Киевийн Печертийн  районы шүүх экс ерөнхий сайдыг шүүхийг үл хүндэтгэсэн гэх шалтгаанаар баривчлан хорихоор шийдэв. Шүүхийн шийдвэрээс үүдэн Киев дэх Тимошенкогийн талынхан эсэргүүцэл дэгдээлээ.  Улстөр судлаачид эрх баригчдын энэ алхам нь сөрөг хүчний удирдагчийн нэр хүндийг өсгөнө гэж үзэв. Харин Украины хэвлэлээр Тимошенког таван жил хорих ялаар шийтгэнэ гэж бичиж байна. Одоо түүнийг урьдчилан хорих төвийн европ засвартай ганц хүний өрөөнд хорьж байна. Мөн энэ төвд түүний хамтран зүтгэгч, Дотоод хэргийн экс сайд Юрий Луценко хоригдож байгаа юм.

Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенког баривчлан хорих шийдвэрээ Киевийн Печерийн шүү­хийн шүүгч Родион Киреев зар­лах­даа Тимошенко шүүхийн хэв жур­мыг байнга зөрчиж байгаа учраас барив­чилж буйгаа баасан гаригт мэдэгдсэн юм. Тимошенког баривчлахыг улсын яллагчийн төлөөлөгчид шаардсан юм. Прокурор Лилия Фролова мэдэгдэхдээ экс ерөнхий сайд шүүх, прокурорыг хүндэтгэхгүй байгааг харуулан про­ку­рорын төлөөлөгчид болон гэрч нарыг доромжилсон гэж үзээд “зохих хэмжээний саатуулан таслах арга хэм­жээ” авах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэр­хийл­сэн. Прокурорын хүсэлтийг шүүх долдугаар сарын 27-нд хэрэгсч үзээгүй гэж тэрээр сануулсан юм. Зөв­хөн шүүхийн танхимд гар утсаа туслахдаа өгснийх нь төлөө  түүнийг баривчилж болохоор байсан гэнэ. Тэр хуралдааны дараа экс ерөнхий сайд мэдэгдэхдээ сүүлийн агшинд Виктор Янукович айгаад “өөрийн цагдаа нарт “фас” команд өгөхийн оронд “фу” каманд өглөө хэмээн хэлж байв.

“Шүүх нэг биш удаа шүүгдэгчид түүний эрх, шүүх ажиллагааны журмыг тайлбарлаж байсан ч тэрээр танхимын журмыг зөрчин тэнд байгаа хүмүүсийг доромжлон шүүх үнэнийг тогтооход саад хийж байна” хэмээн Фролова хэлснийг “Украинская правда” сонин ишлэсэн байна. Прокурорын саналыг авч хэлэл­цэхээр шүүх завсар­лага авсан хооронд Тимошенко проку­рорын шаардлагад тайлбар хийж байв.  Виктор Януковчийн толгойлсон өнөөгийн эрх баригчид шаардаж байгаа учраас түүнийг баривчилж болохыг Тимошенко хэлж байв. Януковичийн хэв­лэлийн  төлөөлөгч Дарья Чепак дар­­гыгаа энэ хэрэгт огт хамаагүй, Үнд­­сэн хуулийн дагуу тэрээр шүүх ажил­лагаанд оролцох эрхгүй гэж хэлжээ.

“Тэд өнөөдөр юу ч хийж чадахаар хангалтай засагтай. Януковичид дэл­хий­гээс тавьж байгаа “Яагаад?” гэсэн асуултын хариу нь би авлигатай тэмц­сэнд байгаа” хэмээн Тимошенко тайлбарлаж байна. Шүүгч  Киреев шийдвэрээ хэлсний дараа танхимд “Грифон” гэх шүүхийн цагдаагийн тус­гай ангийн ажилтнууд орж ирж шүүх байрыг “Беркут” гэх тусгай ангийн дайчид бүслэн хаалаа. Шүүхийн тан­химд гав өмсгөхгүй байсан хүсэлтийг грифончууд биелүүл­сэн байна. “Миний сайн нөхөд, баяртай!” гэж Тимошенко шүүхийн танхимыг орхин туугдаж гарах­даа хамтрагч нартаа хэлж байв. Өмгөөлөгч Юрий Сухов шүүхийн шийд­вэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ. Гудамжинд Тимошенкогийн талын­хан тэр даруй эсэргүүцэл илэр­хийлэн “Беркут”-ын  ажилтнуудтай мөргөлдөөн гаргасан байна. Хэдэн зуун хүн шүү­хийн хашаанаас гарах зам болон Крешатикийн гудамжийг хэсэгчлэн хаа­сан байв. Гэсэн ч хорих мхшин шүүхийн  байрнаас урьдчилан хорих төв рүү нэвтэрч чадлаа.

“Европ маягаар зассан, ариун цэврийн тусгай байртай, тунгалаг биш шилэн цонхтой 242 дугаар өрөөнд Тимошенког хорьсон. Тэндхийн бусад хорих өрөөнүүд нь цонхгүй” гэж «Интерфакс»-ын эх сурвалж мэдээлжээ. Уг хорих өрөөнд 11 жилийн өмнө Тимошенко сууж байсан тухай эх сурвалж өгүүлсэн байна.

Экс ерөнхий сайдын хамтран зүтгэгч Александр Турчинов шүүхийн машин явсны дараа Тимошенкогийн талынхныг Майданд очин эсэргүүцлээ илэрхийлэхийг уриаллаа. “Дайчилгаа явуулна. Өнөөдрөөс бид зөвхөн Юлиягийн төлөө ч биш Украины төлөө тэмцлээ эхлэнэ. Хичнээн хүн түүнийг хамгаалдгийг Украин үзэг” хэмээн тэрээр хэлсэн байна.  “Зуу, мянган хүн байвал Украин ялагдана хэдэн сая хүн байвал бид есөн сар гэхэд жинхэнэ ардын засагтай болно” хэмээн тэрээр онцлов. Сөрөг хүчний “Нийтийн үйлс” хөдөлгөөнийхөн наймдугаар сарын 8-нд   цугларахыг санал болгов. Тимошенкогийн талынхан шүүхийн ойрол­цоо хориод майхан босгосон байна. Крещатик дахь майхант эсэр­гүүц­лийг сөрөг хүчний депутатууд ээлж­лэн хамгаалж байна.

Шүүх Тимошенког барих шийд­вэрээ гаргахын өмнө ерөнхий сайд Николай Азаровыг гэрчээр дуудан мэдүүлэг авав. 2009 онд Оростой бай­гуул­сан байгалийн хий нийлүүлэх гэрээг ард түмний хувьд урвалт байсан гэж тэрээр хэлжээ. Украины ерөнхий сайд өөрөө Киевт ашиггүй гэрээг яагаад байгуулсан тухай Владимир Путинээс нэг биш удаа асууж байсан гэнэ. Тэр үүний шалтгааныг өөрөө мэдэхгүй байна. Украины зүтгэлт­нүүдээс улс орныхоо эрх ашгийг хэрхэн хамгаалж байгааг нь асуу гэж Путин хариулж байсан гэж Азаров мэдэгджээ. “Ерөнхий сайд болонгуутаа би гэрээг дахин харж үзэхийн тулд нэгд нэггүй судалсан. Бид Оросын талд өөрсдийн саналыг тавьсан. Тэд гэрээг эргэн харах механизм дээр ажиллахаар амласан” гэж Азаров хэлжээ.

Тимошенко хариуд нь “Ерөнхий сайдын хэлснээс юу ч ойлгосонгүй. Нэг ч үгийг, би орос хэлийг ойлгохгүй байна” гэж хариулжээ.  Тимошенкогийн төрөлх хэл нь орос, украин хэлийг хожим сурсан гэдгийг бүгд сайн мэднэ. Тимошенко “Росукрэнерго” компанийн зах зээл дэх үйл ажиллагааны талаар ерөнхий сайдаас асуусан ч тэрээр хариулт өгсөнгүй. Тимошенко үүгээрээ уг компанийн зуучлалгүйгээр Украинд нийлүүлэх байгалийн хий хамаагүй хямд байхыг үзүүлэх гэсэн байлаа.

Киевийн Печерийн районы шүүх зургадугаар сарын сүүлчээс Тимошенког Оростой байгуулсан байга­лийн хий нийлүүлэлтийн гэрээгээрээ улсад 1,5 тэрбум гривен буюу 187 сая орчим ам.долларын хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг шүүж байна. Есдүгээр сарын эхээр Тимошенкогийн хэрэгт ял оноох бололтой. Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзвэл таван жил хүртэл хорих ялаар шийтгэх юм. Украины “Фокус” сэтгүүлд бичсэнээр энэ хэргийн шийдэл аль хэдийнэ тодорхой болсон бөгөөд Тимошенко ял эдлэх нь тодорхой гэнэ.

Оросын Гадаад хэргийн яам Юлия Тимошенког барьсантай холбогдуулан баасан гаригт тайлбар хийжээ. “2009 оны байгалийн хийн бүх гэрээ хэлцэл нь хоёр улсын ерөнхийлөгч нарын зохих зааврын дагуу хоёр ор­ны үндэсний хууль журам, олон улсын эрх зүйн хэмжээнд хийгдсэн” гэж Орос мэдэгдсэн нь Тимошенкод дэмжлэг үзүүлсэн хэрэг болж байна. Ю.В.Тимошенкогийн шүүх хурал нь хамгаалалт авах, хүмүүнлэгийн хэм хэмжээг Украины хуулийн дагуу баримтлан шударга явагдах ёстой гэж Оросын Гадаад яамны мэдэгдэлд өгүүлжээ. Оросын зарим шинжээчид Тимошенког барьсан нь түүний нэр хүндийг өсгөнө гэж ярьж байна. Харин зарим нь тэдэнтэй санал нийлэхгүй байгаа. Тимошенкогийн талд эргэлзэгч олон хүн гарч ирсэн мөн Тимошенког шүүх нь Оростой байгуулсан гэрээг хууль бус гэж үзэхэд хэрэгтэй болно гэж үзэв. Шүүхэд гэрч нарыг асуусан долоо хоногийн дараа экс-ерөнхий сайдыг баривчиллаа гэж гурав дахь шинжээч хэлээд  гэрч нараас шүүхийн барим­тыг  нэг нь ч дэмжээгүйг онцолж байна.

Тимошенког баривчилсанд нь сө­­­­­рөг хүчин хилэгнэж байна. “Ардчилал дууслаа. Эрх баригчид дэг­лэм болон хувирав. Өнөөдөр дэглэм ард түмэнтэйгээ дайн зарлан сөрөг хүчний лидерүүдийн нэгийг барилаа. Дэлхийн түүхэнд ард түмнийхээ эсрэг дайнд хэн ч, хэзээ ч ялж байгаагүй. Өнөөгийн эрх баригч дэглэм ч үүнд хамааралгүйгээр үлдэхгүй. Муу таамаглал болгон биелж байгаа нь харамсалтай” гэж “Өөрчлөлтийн фронт” хөдөлгөөний лидер Арсений Яценюк мэдэгдсэн байна. «Наша Украина–Народная самооборона» эвслийн Дээд радын пепутат Анатолий Гриценко “Тимошенког баривчилсан нь Украиныг олон улсын төвшинд тусгаарлуулах Януковчийн эхлэл ба төгсгөл” гэж мэдэгдэв.

Урьдчилан хорих төвд 42 хоног

Тимошенко  анх 2001 оны хоёрдугаар сарын 3-нд урдчилан хоригдох төвд 42 хоногоор баривчлагдаж байсан. Ерөнхий прокурорын газраас “Украины эрчим хүчний нэгдсэн систем” компанийн тэргүүн байхдаа  Оросын байгалийн хийг Украинд хулгайгаар оруулан наймаалсан, татвар төлөөгүй, хуурамч бичиг баримтаар наймаагаа явуулсан гэх мэтийн ялыг түүнд тулгаж байв. 2002 оны дөрөвдүгээр сард Киев мужийн  Киево-Святошинскийн шүүх түүний бүх ялыг хэрэгсэхгүй болгосон юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж