Украины экс-ерөнхий сайд Юлия Тимошенког баривчлан хорих шийдвэрээ Киевийн Печерийн шүүхийн шүүгч Родион Киреев зарлахдаа Тимошенко шүүхийн хэв журмыг байнга зөрчиж байгаа учраас баривчилж буйгаа баасан гаригт мэдэгдсэн юм. Тимошенког баривчлахыг улсын яллагчийн төлөөлөгчид шаардсан юм. Прокурор Лилия Фролова мэдэгдэхдээ экс ерөнхий сайд шүүх, прокурорыг хүндэтгэхгүй байгааг харуулан прокурорын төлөөлөгчид болон гэрч нарыг доромжилсон гэж үзээд “зохих хэмжээний саатуулан таслах арга хэмжээ” авах хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Прокурорын хүсэлтийг шүүх долдугаар сарын 27-нд хэрэгсч үзээгүй гэж тэрээр сануулсан юм. Зөвхөн шүүхийн танхимд гар утсаа туслахдаа өгснийх нь төлөө түүнийг баривчилж болохоор байсан гэнэ. Тэр хуралдааны дараа экс ерөнхий сайд мэдэгдэхдээ сүүлийн агшинд Виктор Янукович айгаад “өөрийн цагдаа нарт “фас” команд өгөхийн оронд “фу” каманд өглөө хэмээн хэлж байв.
“Шүүх нэг биш удаа шүүгдэгчид түүний эрх, шүүх ажиллагааны журмыг тайлбарлаж байсан ч тэрээр танхимын журмыг зөрчин тэнд байгаа хүмүүсийг доромжлон шүүх үнэнийг тогтооход саад хийж байна” хэмээн Фролова хэлснийг “Украинская правда” сонин ишлэсэн байна. Прокурорын саналыг авч хэлэлцэхээр шүүх завсарлага авсан хооронд Тимошенко прокурорын шаардлагад тайлбар хийж байв. Виктор Януковчийн толгойлсон өнөөгийн эрх баригчид шаардаж байгаа учраас түүнийг баривчилж болохыг Тимошенко хэлж байв. Януковичийн хэвлэлийн төлөөлөгч Дарья Чепак даргыгаа энэ хэрэгт огт хамаагүй, Үндсэн хуулийн дагуу тэрээр шүүх ажиллагаанд оролцох эрхгүй гэж хэлжээ.
“Тэд өнөөдөр юу ч хийж чадахаар хангалтай засагтай. Януковичид дэлхийгээс тавьж байгаа “Яагаад?” гэсэн асуултын хариу нь би авлигатай тэмцсэнд байгаа” хэмээн Тимошенко тайлбарлаж байна. Шүүгч Киреев шийдвэрээ хэлсний дараа танхимд “Грифон” гэх шүүхийн цагдаагийн тусгай ангийн ажилтнууд орж ирж шүүх байрыг “Беркут” гэх тусгай ангийн дайчид бүслэн хаалаа. Шүүхийн танхимд гав өмсгөхгүй байсан хүсэлтийг грифончууд биелүүлсэн байна. “Миний сайн нөхөд, баяртай!” гэж Тимошенко шүүхийн танхимыг орхин туугдаж гарахдаа хамтрагч нартаа хэлж байв. Өмгөөлөгч Юрий Сухов шүүхийн шийдвэрийг давж заалдана гэдгээ мэдэгджээ. Гудамжинд Тимошенкогийн талынхан тэр даруй эсэргүүцэл илэрхийлэн “Беркут”-ын ажилтнуудтай мөргөлдөөн гаргасан байна. Хэдэн зуун хүн шүүхийн хашаанаас гарах зам болон Крешатикийн гудамжийг хэсэгчлэн хаасан байв. Гэсэн ч хорих мхшин шүүхийн байрнаас урьдчилан хорих төв рүү нэвтэрч чадлаа.
“Европ маягаар зассан, ариун цэврийн тусгай байртай, тунгалаг биш шилэн цонхтой 242 дугаар өрөөнд Тимошенког хорьсон. Тэндхийн бусад хорих өрөөнүүд нь цонхгүй” гэж «Интерфакс»-ын эх сурвалж мэдээлжээ. Уг хорих өрөөнд 11 жилийн өмнө Тимошенко сууж байсан тухай эх сурвалж өгүүлсэн байна.
Экс ерөнхий сайдын хамтран зүтгэгч Александр Турчинов шүүхийн машин явсны дараа Тимошенкогийн талынхныг Майданд очин эсэргүүцлээ илэрхийлэхийг уриаллаа. “Дайчилгаа явуулна. Өнөөдрөөс бид зөвхөн Юлиягийн төлөө ч биш Украины төлөө тэмцлээ эхлэнэ. Хичнээн хүн түүнийг хамгаалдгийг Украин үзэг” хэмээн тэрээр хэлсэн байна. “Зуу, мянган хүн байвал Украин ялагдана хэдэн сая хүн байвал бид есөн сар гэхэд жинхэнэ ардын засагтай болно” хэмээн тэрээр онцлов. Сөрөг хүчний “Нийтийн үйлс” хөдөлгөөнийхөн наймдугаар сарын 8-нд цугларахыг санал болгов. Тимошенкогийн талынхан шүүхийн ойролцоо хориод майхан босгосон байна. Крещатик дахь майхант эсэргүүцлийг сөрөг хүчний депутатууд ээлжлэн хамгаалж байна.
Шүүх Тимошенког барих шийдвэрээ гаргахын өмнө ерөнхий сайд Николай Азаровыг гэрчээр дуудан мэдүүлэг авав. 2009 онд Оростой байгуулсан байгалийн хий нийлүүлэх гэрээг ард түмний хувьд урвалт байсан гэж тэрээр хэлжээ. Украины ерөнхий сайд өөрөө Киевт ашиггүй гэрээг яагаад байгуулсан тухай Владимир Путинээс нэг биш удаа асууж байсан гэнэ. Тэр үүний шалтгааныг өөрөө мэдэхгүй байна. Украины зүтгэлтнүүдээс улс орныхоо эрх ашгийг хэрхэн хамгаалж байгааг нь асуу гэж Путин хариулж байсан гэж Азаров мэдэгджээ. “Ерөнхий сайд болонгуутаа би гэрээг дахин харж үзэхийн тулд нэгд нэггүй судалсан. Бид Оросын талд өөрсдийн саналыг тавьсан. Тэд гэрээг эргэн харах механизм дээр ажиллахаар амласан” гэж Азаров хэлжээ.
Тимошенко хариуд нь “Ерөнхий сайдын хэлснээс юу ч ойлгосонгүй. Нэг ч үгийг, би орос хэлийг ойлгохгүй байна” гэж хариулжээ. Тимошенкогийн төрөлх хэл нь орос, украин хэлийг хожим сурсан гэдгийг бүгд сайн мэднэ. Тимошенко “Росукрэнерго” компанийн зах зээл дэх үйл ажиллагааны талаар ерөнхий сайдаас асуусан ч тэрээр хариулт өгсөнгүй. Тимошенко үүгээрээ уг компанийн зуучлалгүйгээр Украинд нийлүүлэх байгалийн хий хамаагүй хямд байхыг үзүүлэх гэсэн байлаа.
Киевийн Печерийн районы шүүх зургадугаар сарын сүүлчээс Тимошенког Оростой байгуулсан байгалийн хий нийлүүлэлтийн гэрээгээрээ улсад 1,5 тэрбум гривен буюу 187 сая орчим ам.долларын хохирол учруулсан гэх эрүүгийн хэргийг шүүж байна. Есдүгээр сарын эхээр Тимошенкогийн хэрэгт ял оноох бололтой. Хэрэв түүнийг гэм буруутай гэж үзвэл таван жил хүртэл хорих ялаар шийтгэх юм. Украины “Фокус” сэтгүүлд бичсэнээр энэ хэргийн шийдэл аль хэдийнэ тодорхой болсон бөгөөд Тимошенко ял эдлэх нь тодорхой гэнэ.
Оросын Гадаад хэргийн яам Юлия Тимошенког барьсантай холбогдуулан баасан гаригт тайлбар хийжээ. “2009 оны байгалийн хийн бүх гэрээ хэлцэл нь хоёр улсын ерөнхийлөгч нарын зохих зааврын дагуу хоёр орны үндэсний хууль журам, олон улсын эрх зүйн хэмжээнд хийгдсэн” гэж Орос мэдэгдсэн нь Тимошенкод дэмжлэг үзүүлсэн хэрэг болж байна. Ю.В.Тимошенкогийн шүүх хурал нь хамгаалалт авах, хүмүүнлэгийн хэм хэмжээг Украины хуулийн дагуу баримтлан шударга явагдах ёстой гэж Оросын Гадаад яамны мэдэгдэлд өгүүлжээ. Оросын зарим шинжээчид Тимошенког барьсан нь түүний нэр хүндийг өсгөнө гэж ярьж байна. Харин зарим нь тэдэнтэй санал нийлэхгүй байгаа. Тимошенкогийн талд эргэлзэгч олон хүн гарч ирсэн мөн Тимошенког шүүх нь Оростой байгуулсан гэрээг хууль бус гэж үзэхэд хэрэгтэй болно гэж үзэв. Шүүхэд гэрч нарыг асуусан долоо хоногийн дараа экс-ерөнхий сайдыг баривчиллаа гэж гурав дахь шинжээч хэлээд гэрч нараас шүүхийн баримтыг нэг нь ч дэмжээгүйг онцолж байна.
Тимошенког баривчилсанд нь сөрөг хүчин хилэгнэж байна. “Ардчилал дууслаа. Эрх баригчид дэглэм болон хувирав. Өнөөдөр дэглэм ард түмэнтэйгээ дайн зарлан сөрөг хүчний лидерүүдийн нэгийг барилаа. Дэлхийн түүхэнд ард түмнийхээ эсрэг дайнд хэн ч, хэзээ ч ялж байгаагүй. Өнөөгийн эрх баригч дэглэм ч үүнд хамааралгүйгээр үлдэхгүй. Муу таамаглал болгон биелж байгаа нь харамсалтай” гэж “Өөрчлөлтийн фронт” хөдөлгөөний лидер Арсений Яценюк мэдэгдсэн байна. «Наша Украина–Народная самооборона» эвслийн Дээд радын пепутат Анатолий Гриценко “Тимошенког баривчилсан нь Украиныг олон улсын төвшинд тусгаарлуулах Януковчийн эхлэл ба төгсгөл” гэж мэдэгдэв.
Тимошенко анх 2001 оны хоёрдугаар сарын 3-нд урдчилан хоригдох төвд 42 хоногоор баривчлагдаж байсан. Ерөнхий прокурорын газраас “Украины эрчим хүчний нэгдсэн систем” компанийн тэргүүн байхдаа Оросын байгалийн хийг Украинд хулгайгаар оруулан наймаалсан, татвар төлөөгүй, хуурамч бичиг баримтаар наймаагаа явуулсан гэх мэтийн ялыг түүнд тулгаж байв. 2002 оны дөрөвдүгээр сард Киев мужийн Киево-Святошинскийн шүүх түүний бүх ялыг хэрэгсэхгүй болгосон юм.