”Цэнхэр халим”-аас сэрэмжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2017.05.11-нд нийтлэгдсэн

”Цэнхэр халим”-аас сэрэмжлүүлж байна

Фэйсбүүкийн хэрэглээ Монголын цахим орчинд тэргүүлж байна. Хамгийн түгээмэл хэрэглэдэг олон нийтийн сүлжээ Фэйсбүүк гэдгийг Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан судалгаа ч баталж байна. Харин түүний дараа ebarimt.mn сайт жагссан бол банкуудын вэбсайт, инстагграмм, твиттер зэрэг олон нийтийн сүлжээ айрагджээ.

Хүүхдүүд фэйсбүүкээс болж гэмт хэрэг зөрчилд өртөх тохиолдол нэмэгдсээр байгааг цагдаагийнхан үгүйсгэхгүй байна. Өнгөрсөн онд л гэхэд гэмт хэргийн улмаас 234 хүүхдийн эрх ашиг хохирсны дотор интернэт орчноос үүдэлтэй хэрэг цөөнгүй бий гэнэ. Хүүхдүүд олон цагаар РС-нд өнжих, интернэт тоглоомонд донтох нь асран хамгаалагчийн анхаарал хандуулаагүйтэй холбоотой гэж үзэж байгаа юм.

Түүний сацуу ОХУ болон гадаадын бусад орнуудад түгсэн “Цэнхэр халим” сошиал тоглоом газар авсан. Энэхүү тоглоомд нэгдэж буй Монголын хандалт нэмэгдэж байгааг Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас онцгойлон анхаарууллаа. “Цэнхэр халим” тоглоом нь оролцогчид өдөр тутам даалгавар өгч, даалгавар нь хүндэрсээр амиа хорлоход хзргэдэг аюултай тоглоом болохыг тогтоожээ. Одоогоор “Цэнхэр халим”-тай холбоотой гомдол манай хууль хяналтынханд ирээгүй. Гэвч эцэг эхчүүд, сургуулийн багш, удирдлагууд өсвөр насны хүүхдүүдийн интернэт орчны хэрэглээнд хяналт тавьж байхыг санууллаа. Зөвхөн ОХУ-д л гэхэд 2015 оны арваннэгдүгээр сараас 2016 оны дөрөвдүгээр сарын хугацаанд 130 өсвөр насны хүүхэд, Казакстанд 50 хүүхэд амиа хорлосон гэсэн мэдээ байгаа ажээ.

ЦЕГ-аас цхаим орчин дахь гэмт хэрэг, аюултай тоглоом наадгайд оролцохгүйн тулд юунд анхаарах талаар дараах зөвлөмжийг гаргажээ.

  • Цахим орчинд танихгүй хүнтэй битгий найз болоорой

  • Хувийн мэдээллээ танихгүй хүнтэй битгий хуваалцаарай

  • Интернэтэд танилцсан хүнтэйгээ биечилж бүү уулзаарай

  • Уулзах бол ганцаараа бүү очоорой

  • Эргэлзээтэй сэжигтэй тохиолдлыг аав ээж ах эгч нартаа заавал хэлэхийг санууллаа.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж