Фетхулла Гюленд 2923 жилийн ял оноохыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2017.05.10-нд нийтлэгдсэн

Фетхулла Гюленд 2923 жилийн ял оноохыг шаардлаа

АНУ-д оршин суугаа номлогч Фетхулла Гюленд цэргийн эргэлт хийх гэсэн оролдлогод буруутгаж, 2923 жил шоронд хорих ял тулгахыг шаардаж байгаагаа Туркийн прокурор мэдэгдлээ хэмээн BBC дамжууллаа. Мөн түүнд шоронгийн 2.2 сая хоногтой тэнцэх хэмжээний торгууль шаардаж байгаа ажээ.

Туркийн Hurriyet хэвлэлд мэдээлснээр Гюленийг өнгөрсөн 2016 оны долдугаар сард гарсан төрийн эргэлт хийх оролдлогыг зохион байгуулсан гэж үзэн нийтдээ 22 төрлийн хэрэг тулгаж байгаа ажээ.

Фетхулла Гюлен бол нэгэн үе одоогийн Ерөнхийлөгч Тайип Эрдогантай үзэл санааны холбоотон төдийгүй Туркэд нөлөө бүхий липер байсан. Харин одоо Эрдоганы өрсөлдөгч юм. Тэрбээр нутгаасаа дүрвэн гарахаас өөр аргагүй болж эдүгээ АНУ-д амьдардаг.

Түүнийг өнгөрсөн жилийн төрийн эргэлтэд буруутгаж байгааг Гюлен огт хүлээн зөвшөөрдөггүй. Турк улс Гюленийг шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардсаар байгаа юм.

Өнгөрсөн жилийн төрийн эргэлт хийх оролдлогыг дарсны дараа Туркийн эрх баригчид орон даяар баривчилгаа явуулж, Гюлений талын бүх хүнийг албан тушаалаас зайлуулсан. Нийтдээ 80 мянга орчим хүнийг албан тушаалаас нь зайлуулсаны дотор цэргийн алба хаагчид, шүүгчид, их, дээд сургуулийн багш нар, сэтгүүлчид байсан. Баривчлагдсан хүний тоо 40 мянгад хүрнэ хэмээн ВВС бичжээ.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж