Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-нд эхэлсэн. Тэмцээнд оролцож буй шатарчид швейцарь системээр 13 өрөг тоглож, аваргаа тодруулах бөгөөд өнөөдрийн байдлаар нийт шатарчид зургаан тоглолт хийгээд байна. Таван өргийн дараах байдлаар охидын ангилалд ОХУ-ын шатарчин Гирья Олга 100 хувийн амжилтаар тэргүүлж байгаа бол У.Лхамсүрэн 3.5 оноотой 12 дугаар байрт бичигджээ. Тэрбээр эхний өрөгтөө Мексикийн шатарчинг хожиж, хоёрдугаар өрөгт Энэтхэгийн М.Махалакшмитай хараар тоглож, тэнцжээ. Харин гурав дахь өрөгтөө мөн Энэтхэгийн тамирчин Бхакти Кулкамитай, дөрөв дэх өрөгтөө Болгарын шатарчинтай тэнцэн, тав дахь тавилдаа Армяны Мария Геворгянтай цагаанаар тоглож, хожсоноор 3.5 оноотой болжээ.
Харин өчигдөр зургаа дахь өргийн тоглолтдоо Вьетнамын Во Ти Ким Фунтай хараар нүүсэн байна. Дугаар шилжих мөчид тоглолтын дүн гараагүй байв.
Шатрын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-нд өндөрлөнө.