УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн О.Батнасан нарын ажлын албанаас хамтран Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн нийт төгсөгчидтэй уулзах уулзалтыг Ховд хотноо зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр гишүүдийн бие төлөөлөгчид болон Ховд аймгийн удирдлагууд холбогдох албаныхан төгсөгчидтэй уулзаж, их дээд сургуульд элсэгчдийн гарын авлага хөтөч ном болох Шинэ алхам номыг гардуулсан.
Мөн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын бие төлөөлөгч С.Гантөмөр шилдэг сурагчдад шагнал гардуулж, Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 9, 10, 11 дүгээр ангийн сурагчдын дунд С.Бямбацогтын нэрэмжит багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиадыг жил бүр зохион байгуулахаар болсон талаар мэдээлсэн юм.
Тэмцээний эхний шат нь өнгөрсөн сарын 29-нд ерөнхий боловсролын сургуулиудад зохион байгуулагдсан бол хоёр дахь шат нь тавдугаар сарын 6, 7-нд Ховд аймгийн төвд болж, өнгөрлөө.
Энэхүү олимпиад нь сурагчдын багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мэдлэг оюунаа хөгжүүлэх хүсэл зоригийг нь дэмжих, оюуны чадавхи, өндөр зорилго бүхий оюутан болоход нь туслалцаа үзүүлэх зорилготой ажээ.
Тэмцээний эхний байрт шалгарсан багийг 1.5 сая, хоёрдугаар байрыг 1 сая, гуравдугаар байрыг 800 мянган төгрөг болон тусгай байруудыг тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
Г.ХОРОЛ