Италийн супер цом “Милан”-ынх болов

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Италийн супер цом “Милан”-ынх болов

Бээжингийн олимпийн наадмын үеэр төв цэг нь байсан ч олимпиос хойш олны анхааралд өртөх нь багассан “Шувууны үүр” цэнгэлдэх бямба гаригийн үдэш олны хөлд дарагдлаа. Учир нь тус цэнгэлдэхэд Италийн Супер цомын төлөөх тулаан болсон юм. Түүнчлэн дэлхийд данстай “Интер” болон “Милан” багууд халз учирснаараа бүр ч онцлогтой байлаа. Италийн Сери А лигийн гол төлөөлөл болсон Милан хотын хоёр багийн тулаанд 2:1 харьцаатай “АС Милан” илүүрхжээ. Златан Ибрагимович, Кевин-Принс Боатенг нар “Интер”-ийн хамгаалалтыг сэтэлж чадсан бол “Интер Милан”-ы бүрэлдэхүүнд эцсийн тоглолтоо хийсэн Уэсли Снейдер багийнхаа нэр дээр нэг гоол бүртгүүлсэн байна. Уг нь тэрбээр тоглолтын 22 дахь минутад гоолдсоноор “Интер” тоглолтыг хошуучилж эхэлсэн ч 60 дахь минутад Ибра хариуг нь барьснаар онооны самбар дээрх тэнцлийг бий болгожээ. Тоглолтын хоёр дахь гоолоос хойш ердөө есөн минутын дараа Ганийн шигшээ багийн тоглогч Боатенг багтаа ялалт, цаашлаад Италийн Супер цомыг авчирсан гоолыг оруулсан байна. Өдгөө Жан Пьеро Гасперинигаар удирдуулж буй “Интер Милан” тоглолтын харьцааг тэнцүүлэхээр хичээсэн ч хүчирхэг өрсөлдөгчөө дийлсэнгүй. Ийнхүү “АС Милан” Италийн Супер цомыг зургаа дахь удаагаа хүртжээ.

Дашрамд дуулгахад, Сери А-гийн өнгөрсөн улирлын аварга “АС Милан” энэ сарын 27-нд “Кальяри”-гийн талбайд зочилсноор шинэ аянаа эхлүүлэх бол “Интер” ирэх улирлын нээлтийн тоглолтоо удаахь өдөр нь “Лечче”-гийн эсрэг хийх юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж