БНХАУ-ын дарга Си Жиньпинийн дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Нэг бүс, нэг зам” төслийн олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 14-15-нд Бээжин хотноо болох гэж байна.
Энэхүү уулзалтад 1500 гаруй төлөөлөгч оролцох гэж байгаагийн талаас илүү хувь нь гадаадын зочид төлөөлөгч байх болно хэмээн БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны орлогч дарга Ван Шяотао Бээжин хотноо сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. Чуулга уулзалтаар дэд бүтэц, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа, эрчим хүч, банк санхүү, хүмүүнлэгийн солилцоо, экологи, тэнгисийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар ярилцах юм.
Чуулга уулзалтын хөтөлбөрийн дагуу үндсэн чуулган болж, дараа нь Бодлогын зохицуулалт, Дэд бүтцээр холбогдохыг түргэтгэх, Худалдааг саадгүй болгох, Банк санхүүг уялдуулах, Иргэдийн харилцааг ахиулах, Зөвлөх байгууллагын солилцоо гэсэн зургаан сэдвээр салбар хуралдаанууд болох ажээ.
“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд 2014-2016 онд Хятад болон "Нэг бүс, нэг зам" төслийн маршрутын дагуух улс орнуудын хоорондох худалдааны нийт эргэлт 20 их наяд юаньд хүрч, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 50 тэрбум ам.доллараас давж, гарын үсэг зуран баталгаажуулсан гэрээний дүнгийн хэмжээ 304 тэрбум 900 сая ам.долларт хүрчээ.
Төслийн хүрээнд эхэлсэн том бүтээн байгуулалтаас дурдвал Хятад-Лаосыг холбосон төмөр зам, Пакистаны Карачигийн хурдны авто замын бүтээн байгуулалт, Хятад-Орос, Хятад-Какахстан, Хятад-Мьянмарыг холбосон нефтийн хоолойн төслүүд юм.
А.ТУЛГА