-Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 880 хүний амь нас хохирсны 45,3 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас амь насаа алджээ-
Дэлхий дахинд зам тээврийн осол, гэмтлийн улмаас жилд 1,2 сая хүн амь насаа алдаж, 50 гаруй сая хүн гэмтэж, бэртэж байна. Манай улсын хувьд ч осол гэмтэл асуудал дагуулсаар байна. 2010-2015 онд осол гэмтлийн өвчлөл, нас баралт хүн амын өвчлөлийн тавдугаарт, нас баралтын гуравдугаарт орсоор байна. Монгол Улсад 2016 онд 46712 зам тээврийн осол бүртгэгдсэний 41375 буюу 88,6 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 2016 онд Монгол улсын хэмжээнд бүх төрлийн гэмт хэргийн улмаас 880 хүний амь нас хохирсны 45,3 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас амь насаа алдсан судалгаа гарчээ.
Дайн самуунгүй оронд ч дайны дайтай хүний амь нас бүрэлгэж, гэмтээж бэртээж буй осол аваарыг бууруулах үүднээс Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжих долоо хоногийг зарладаг. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй аюулгүйн долоо хоногийг тавдугаар сарын 8-14-ний өдрүүдэд “Хурдаа хасч- Амь насаа аваръя” уриан дор зохион байгуулж байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хэлэхдээ “2016 онд 485 хүн нас барсны 72,5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолджээ. Энэ нь замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан, хурд хэтрүүлсэнтэй холбоотой гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэж байгаа гэв. Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдийг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор иргэд цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх үр дүнтэй боловч замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах соёл алдагдсанаас болж эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
Статистик мэдээгээр зам тээврийн ослын дуудлага, бүртгэгдсэн осол, гэмтсэн хүн, эд материалын хохирлын хэмжээ зэрэг үзүүлэлтүүд буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч бид үүнд тайвширч, авах арга хэмжээг сулруулж болохгүй. Бид энэ тоон үзүүлэлтүүдийг багасгах, хамгийн доод түвшинд хүргэхийн тулд яамд болон байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлагатай байгаа юм” хэмээн тодотголоо.
ДЭМБ-ын судалгаагаар манай улсын хувьд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд ялангуяа амралтын өдрүүдэд зам тээврийн осол ихээр бүртгэгдэж байна гэсэн судалгаа гарсан байгаа. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн яам Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгалтай авто замыг дөрвөн урсгалтай, цемент бетонон хучилттай зам болгож шинэчлэх ажлыг энэ хавраас эхлүүлнэ гэж салбарын сайд танилцуулж байна.
Монгол улс дахь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл “Зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирогчдын тоо дэлхий дээр хүнийг үхэлд хүргэж буй тэргүүлэх 20 шалтгааны наймдугаарт орж байгаа ба хойшлуулшгүй арга хэмжээ авахгүй бол 2030 он гэхэд тав дахь шалтгаан болох төлөвтэйгөөр хурдацтай өсч байна.
Манай улсын хувьд 2007-2016 оныг дуустал сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл зургаа дахин, бүртгэгдсэн зам тээврийн осол 6,6 дахин өссөн. Нийт хүлээн авсан дуудлагын 94,4 хувь нь нийслэлд, 5,6 хувь нь орон нутагт бүртгэгдээд байна” гэж мэдэгдсэн юм.
Д.ЦЭЭНЭ