-Сургуулийн захиргаа сурагчдыг яамны ажлын хэсэгтэй уулзахад саад хийсэн учир суулт хийж байна гэсэн юм-
Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн сурагчид өчигдрөөс хичээл хаялт зарлаад байна. Харааны бэрхшээлтэй сурагчид суралцдаг тус сургуулийн хэсэг сурагчид сургуулийн захирал, удирдлагууд сурагчдын хүсэлтийг биелүүлдэггүй, “Харааныхаа хэрээр сэтгэдэг” гэж доромжилсон, сургалтын чанар муу байдаг зэрэг шалтгаанаар хичээл хаяж байгаа аж. Сурагчид жилийн өмнөөс сургуулийн удирдлагад шаардлага тавьсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй гэж хүүхдүүд хэлж байсан юм. Мөн тэд БСШУСЯ-ны ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа ч үүнд саад хийсэн учраас суулт хийхээс аргагүй болсон гэв.
“Бид маш олон асуудлуудаас болж, хичээл хаяж эхэлсэн. Харааны бэрхшээлтэй гэдгээрээ доромжлууллаа. Хөгжмийн багш маань биднийг “Тоть ярьдаг болохоор торонд суудаг” гэж хэлсэн. Мөн зарим багш нарыг сургалтын арга барилаа сайжруулах хэрэгтэй гэж хэлсний төлөө буруутан болж байна. Түүх, нийгмийн багш н.Сарантөгсийг буцааж ажилд нь авахыг хүссэн. Бид Боловсрoлын яам болон Хараагүйчүүдийн Үндэсний холбоо, Сургуулийн захиргаанд хүсэлтээ явуулсан ч алинаас нь ч хариу ирээгүй. Бид үнэхээр тэсэхээ байгаад хичээл хаялтыг зарласан” гэдгээ сурагчид хэлж байв.
ТОМЧУУДЫН АСУУДАЛД ХҮҮХДҮҮДИЙГ ОРУУЛЖ БАЙГААД НЬ ЭМЗЭГЛЭЖ БАЙНА
Сургуулийн захирал Э.Энхзул бидэнд тайлбар өгөхийг хүсээгүй юм. Харин сургалтын менежер Э.Нүрзэдтэй уулзаж, дараах тайлбарыг авлаа.
-Сурагчид хичээл хаялт зарлаад эхэллээ. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Энэ сургууль дээр хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал байхгүй. Алдаа оноо байж болно. Энэ асуудлыг сурагчид сургуулийн захиргаанд тавилгүйгээр яагаад Төрийн бус байгууллагад хандав гэдэг асуулт гарч ирлээ. Бид урьд нь хоёр удаа хүүхдүүдтэй уулзсан. Тэдний гол зорилго бол нийгмийн ухааны багш н.Сарантөгсийг буцааж ажилд нь аваач гэсэн хүсэлт байсан. Энэ багш Үндэсний холбоотой хамтраад дөрөвдүгээр сарын 18-д хэвлэлийн бага хурлыг хийсэн. Үүнийг сургуулийн захиргаа болон багш нар мэдээгүй. Тиймээс асуудал Сарантөгс багшаас эхэлсэн гэж бид үзэж байгаа. Хэвлэлийн хурлын үеэр 116 сургуулийн багш нарыг чадваргүй, мэдлэггүй мэтээр хэлсэнд бид харамссан. Ангидаа хэвлэл, мэдээллийнхнийг дуудаад сургуулийн захиргааг буруутгасан ярилцлага өгсөн. Үүнийг багш нар үнэхээр тэвчиж чадалгүй гарын үсэг зурж, н.Сарантөгс багшийг ажлаас халахыг шаардсан. Багш хүүхдүүдийг буруу зүйлд хөтөлж, хүүхдүүдийг оруулж байгаад нь эмзэглэж байна.
-Хичээл хаялт зарласан 7-8 сурагчдаас бусад нь хичээлдээ сууж байгаа юу. Суулт хийж байгаа сурагчдын хэлээд байгаа бусад зүйлсийг ч үгүйсгэж байна уу?
-Одоогоор 7-8 сурагч хичээл хаясан. Тэдний нэг нь энэ жил сургуулиа төгсөнө. Анги дэвших шалгалт, Элсэлтийн ерөнхий шалгалт хаяанд ирсэн үед ийм асуудал гарч байгаад харамсаж байна.
Мөн н.Сарантөгс багшийн удирдаж байсан 7а ангийн сурагчдын эцэг, эхчүүдийг гайхаж байна. Өнөөдрийн хэлээд байгаад сурагчдын асуудал бол ямар ч сургуульд байдаг. Үүнийг сургуулийн захиргаа зохицуулаад явдаг. Гэтэл асуудлыг 29 дүгээр сургуулийн асуудалтай адилтган дэвэргэх шаардлага байсан уу гэдэгт эргэлзэж байна.
-Сургалтын чанар муу байна гэж сурагчид хэлж байна. Мөн удаа дараа багш нарыг чанаржуулах тал дээр хүсэлтээ хэлдэг байсан ч сайжраагүй гэж байна. Сургалт хариуцсан менежерийн хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?
-Манай багш нарыг буруутгах юм байхгүй гэж би хэлмээр байна. Яагаад гэвэл төр засгаас өнөөдрийг хүртэл харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйч бэлтгэхэд анхаараагүй. Тиймээс бид багш нараа МУБИС дээр тусгай хэрэгцээт боловсролоор нэг болон дөрвөн жилийн сургалтанд хамруулж ирсэн. Жилд 3-4 баг хамрагддаг. Брайль бичгээ мэдэхгүй багш сургалт явуулах боломжгүй болно. Тиймээс бүх багш нар брайль биигтэй болсон. Мөн жил бүр багш нарын ажлыг дүгнэдэг. Багш нарын чадвар муу байна гэж хэлэх нь өрөөсгөл юм.
ТУС СУРГУУЛЬ 110 СУРАГЧ, 38 БАГШТАЙ
116 дугаар тусгай сургуульд өдгөө бага болон ахлах ангийн нийт 110 сурагч, 38 багштай. Нэг ангид 7-8 сурагч суралцдаг. Энэ жил найман сурагч сургуулиа төгсөх юм байна. Тэднээс нэг нь буюу хичээл хаялтанд сууж байгаа сурагч Элсэлтийн шалгалт өгөхгүй гэдгээ хэлж байв.
Сургууль дотроо дотуур байртай тул хүүхдүүд хичээл тараад байрандаа байрладаг байна. Амралтын өдрүүдэд гэртээ харьдаг хүүхдүүд байдаг бол хөдөө орон нутгаас ирсэн сурагчид сурагчдын амралтаар гэртээ очдог аж.
Монголын хараагүйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл “Бид сурагчдыг ийм байдалд хүрнэ гэж бодсонгүй. Асуудлыг цэгцлэхэд тусална” гэж байлаа.
Өчигдрөөс эхлэн сургуулийнхаа үүдэнд хичээл хаялт зарласан сурагчид сургуулийнхаа захиргаанд дараах хүсэлтийг өгчээ.
Суулт хийх болсон тухай хүсэлтэнд.
Агуулга: БСШУСЯамны ажлын хэсэгтэй уулзах
Баримт 1: 2016 онд хүний эрхийн Үндэсний комисст хандаж байсан. Ингэхдээ бид хүүхэд бидний сурах эрхээ бүрэн дүүрэн эдлэхэд харьяа яамны зүгээс анхаарч өгөөч хэмээн дээрх байгууллагаар дамжуулж байсан болно.
Баримт 2: 2017 оны хоёрдугаар сард нөхцөл байдал хэвээрээ буюу яамнаас бидний хүсэлтэд ямар нэгэн хариу өгөөгүй учраас Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоогоороо дамжуулан хүсэлтээ илгээсэн болно.
Баримт 3: Мөн сургуулийн удирдлагууддаа удаа дараа сурах орчин, багш боловсон хүчин, сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах амаар болон бичгээр хүсэлт гаргаж байсан болно. Сургуулийн удирдлагуудтай уулзах үед “яаманд мэдэгдчихсэн байгаа болохоор яамнаас хариу ирээгүй байна” гэсэн нэг л хариу өгч, хүүхдүүдээ хүлээж бай гэдэг байсан. Иймээс өнөөдрийг хүртэл бидний асуудалд хариу өгөөгүй, мөн сургуулийн зүгээс сурагчдыг яамны ажлын хэсэгт уулзахад саад хийсэн учир энэхүү суултаа хийж байна хүсэлтдээ дурджээ.
Нийслэлийн 116 тусгай сургуулийн талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР