Газрын зөрчил арилгах, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, орц, гарцыг нээх зорилгоор нийслэлийн төвийн 6 дүүргийн явган хүний зам, авто зам хаасан буюу орц, гарц хаасан хаалт, хашаа, саадыг чөлөөлөх “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байгаа. Орц, гарц, явган болон авто зам хааж, хашаа, хайс барьсан 129 байршлын судалгааг гарган, шаардах хуудас өгч, газар чөлөөлөх ажлыг хийж буй юм.
Одоогоор дээрх 129 байршлаас 46 байршлын газрыг чөлөөлж, орц, гарцыг нээжээ.
Үүнд:
Баянгол дүүргийн 18-р хороо, Таван-Эрдэнэ хүнсний захын урд хэсэгт эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан, нийтийн эзэмшлийн талбай, явган хүний замыг хааж барьсан хашааг буулгаж газар чөлөөлсөн байна.
Баянгол дүүргийн 19-р хороо, 58 дугаар байрны зүүн хойд талд орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг хааж зөвшөөрөлгүй байрлуулсан 4 чингэлгийг буулгажээ.
Баянзүрх дүүргийн 4-р хороо “Американ дэнж” хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замыг хааж байрлуулсан 4 чингэлгийг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхоны орчим мөн 41 дүгээр байрны хажууд явган хүний зам хааж барьсан хашаануудыг буулгаж, газрыг чөлөөлөв.
Баянзүрх дүүргийн 4-р хороо Американ дэнж хотхоны ард нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын хааж байрлуулсан контейнеруудыг буулгаж зам талбайг чөлөөлөх ажлыг хийв.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чойжин ламын сүмийн баруун талд нийтийн эзэмшлийн зам талбайг хашиж байрлуулсан гинжтэй хаалтыг авч, газрыг чөлөөллөө. Мөн тус дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр сургуулийн зүүн хойд талд зам хааж байрлуулсан бетонон хаалтыг чөлөөлж, орц гарцыг нээв.
Сүхбаатар дүүргийн 6-р хороо 27, 28-р байрны хажууд нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан хашаа хаалтыг чөлөөлөв.
Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 5 дугаар сургуулийн зүүн талын авто зам дагуу явган хүний замыг хааж барьсан шатыг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийжээ.
Энэхүү ажлыг зохион байгуулснаар орчны тохижилтын ажил гүйцэтгэх, авто болон явган хүний зам барих боломж нөхцөл бүрдэж, эзэмшил, ашиглалтад байгаа газруудын байнгын болон барилгын түр хашааг стандартын дагуу бариулах, өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
Мөн эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 байршил байгааг илрүүлсэн. Эзэмшил, ашиглалтад байгаа газраа зөвшөөрөлгүйгээр сунгаж, нийтийн эзэмшлийн зам, талбайг хашсан 341 иргэн, хуулийн этгээдийг уг зөрчлөө арилгах мэдэгдэх хуудсыг хүргүүлээд байна. Цаашид үлдсэн байршлуудын газрыг чөлөөлөх ажил үргэлжлэх юм гэж Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.
Г.ХОРОЛ