Нийслэлийн 116 дугаар сургуулийн сурагчид өнөөдрөөс хичээл хаялт зарлаад байна.
Харин 116 дугаар сургуулийн дотуур байрны багш С.Гэрэлмаа “Үүсээд байгаа энэ асуудал нь саяхан ажлаасаа чөлөөлөгдсөн багш н.Сарантөгсийн хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас хойш үүдэлтэй” гэж тодотголоо.
Мөн тус сургуульд хүүхдээ сургадаг Ө.Төмөр “Хүүхдүүдийн үзэл бодлыг хүндэтгэж байгаа. Гэхдээ хэдхэн хүүхдийн эсэргүүцлээс болж, цаад талд нь олон хүүхэд хохирч, хаврын шалгалт дөхсөн үед хичээллэх боломжгүй болж байгаа нь маш их хүндрэл учруулж байна. Эцсийн дүндээ хүүхдүүд нь хохирч байна. Боловсролын яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар бодит байдлыг анхааралдаа авч, асуудлыг яаралтай шийдэж өгөх шаардлагатай” гэлээ.
Энэ талаар тодруулга авснаа хүргэе. Тэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр ирсэн юм.
С.ГЭРЭЛМАА: СУРГУУЛЬ ХЭВИЙН АЖИЛЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
-Сургууль даяараа хичээл хаялт зарлаад байна уу, эсвэл хэсэг хүүхэд эсэргүүцэл илэрхийлж байгаа юм уу. Яг ямар асуудлыг хөндөж байгаа юм бэ?
-Сурагчид маань “Хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна” гээд өнөөдрөөс хичээл хаялт зарлаад эхэллээ. Уг нь зургаан хүүхэд л байгаа юм. Зохион байгуулж байгаа сурагч нь 21 настай. Хүүхдүүд хичээл хаялт зарласнаас сургууль хэвийн ажиллах боломжгүй болоод байгаа. Түүх, нийгмийн ухааны багш н.Сарантөгс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 18-нд багш, хамт олонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийсэн. Үүнээс хойш энэ асуудал үүссэн.
Багш нар маань чадлынхаа хэрээр хүүхдүүддээ боловсрол олгочих юмсан гээд зүтгэдэг. Байгаа боломж нөхцөлдөө тааруулаад л ажилладаг.
-Сурагчид баррель төхөөрөмж ажилладаггүй, үнэтэй ном шахсан гэдэг асуудлыг тавьж байсан?
-Өнгөрсөн хавар сургуулийн баррель хэвлэх цех байгуулагдсан, ашиглаж байгаа. Монголын үндэсний хараагүйчүүдийн холбооноос манай сургуульд сурах бичиг хэвлүүлж өгнө гээд төсвөөс 100 сая төгрөг авсан юм билээ. Тэрнийхээ 50 саяд 293 сурах бичиг нийлүүлсэн. Энэ нь хэвлэмэл ном. Гурван төрлийн сурах бичиг. Эдгээр сурах бичгийг есдүгээр ангийн сурагчдад зориулсан байдаг. Гэтэл манайд есдүгээр анги байхгүй байгаа. Тийм учраас 2016-2017 оны хичээлийн жил ашиглах боломжгүй.
Мөн 50 саяд нь сонсдог ном гэж СD нийлүүлсэн. Эдгээрийг нь ашиглая гэхээр Хятадын тагнуулын үйл ажиллагаа, Бэлгийн боловсрол олгох тухай, нэг нь насанд хүрээгүй хүүхдүүдэд сонсгох боломжгүй сонсдог ном байгаа.
Манай сургуулийн нэг ангид 6-8 сурагчтай. Тийм учраас дээрх ном нь тооны хувьд олон байгаа.
Энэ асуудлыг өмнө нь сургуулийн захиргаа хэлэлцээд “Хүүхдийн нас, сэтгэхгүйд тохирохгүй ном байна. Дээр нь номын тоо олон байна” гэж үзсэн.
-Түүх, нийгмийн багш н.Сарантөгсийг ямар шалтгаанаар ажлаас нь халсан юм бэ?
-Монголын хараагүйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн хийдэг. Гэхдээ сургуулийн дотоод асуудлыг холбоотой хольж хутган, асуудал үүсгэж байна гэж үзээд чөлөөлсөн.
Ө.ТӨМӨР: СУРГАЛТЫН ЧАНАРЫГ МУУ ГЭЖ ДҮГНЭХГҮЙ
-Танай хүүхэд хэддүгээр ангид сурдаг юм бэ. Багш нарынхаа талаар юу ярьж байна. Сургалтын чанарыг сайжруулах асуудлыг сурагчид нь хөндөж тавьжээ гэж ойлгогдоод байгаа?
-Манай хүүхэд зургадугаар ангид сурдаг. Бэлтгэл ангиас нь эхлээд 116 дугаар сургуульд сургаж байна. Хараагүй хүүхдийн хувьд хангалттай сурч, боловсорч яваа. Сургалтын чанарыг нь муу гэж дүгнэхгүй
Одоо энэ сургууль дээр хичээл хийх боломжгүй болоод байна. Хүүхдүүд нь эсэргүүцэж, тэмцэл маягийн юм зохион байгуулж байна. Шалгадаг байгууллага нь шалгаад хэвийн үйл ажиллагааг хангаж өгөөч ээ гэж хүсэж байна. Цөөхөн хэдхэн хүний эрх ашгаас болж, ард нь олон хүүхэд хохирч байна.
Хэвлэлийн та нар зөв талаас нь тунгааж мэдээлэхгүй бол маш олон хүүхэд хохирч байна. Хаврын шалгалт нь хаяанд тулчихсан байна. Эцсийн эцэст энэ хэдэн хүүхэд л хичээл номоо ч үзэж чадахгүй, хохирч байна шүү дээ.
-Ямар асуудал тавьж, эсэргүүцэл илэрхийлэх болсноо танд хэлсэн үү, хүүхэд тань?
-Хэдэн хүүхэд багш нарынхаа эсрэг 100 гаруй хүүхдийг босгоод хичээл заах чадамжгүй гэдэг зүйл ярьж байгаа юм билээ. Үзэл бодлоо илэрхийлж байгааг нь буруутгах аргагүй. Алдаа дутагдлыг нь засаад нэн даруй ажиллуулаач ээ л гэж хүсэх байна.
Цаашдаа анхаарах зүйл нь 116 дугаар сургуулийг тусгай сургуулиар нь болговол нийгмийн хангамж хүртээмжид хамрагдах юм болов уу гэж боддог. Нийслэлийн удирдлага онцгой анхаарч, өрнөөд байгаа үйл явдлыг хурдан хугацаанд зогсоогооч ээ гэж хүсэх байна.
Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас судалж, багш сурган хүмүүжүүлэгчдийг сургаж, гарын авлагыг олон улсын төвшинд хүргэх шаардлага байгаа. Тэгэхгүй бол хүүхэд үзэж, судлах боломжгүй ном шахаж байна шүү дээ.
Тэр сонсдог номыг нь хүүхдэд сонсгох аргагүй байгаа.
Багш нар боломжийнхоо хэрээр ажиллаж байгаа. Ямар ашиг сонирхол байгааг мэдэхгүй юм.
Г.ХОРОЛ
Гэрэл зургийг Ч.БОЛОР