
Нүүрс дүнхийтэл ачсан 38 машин замдаа гарахад бэлэн жагсан зогсчээ. Үлдсэн хоёр машинд бэлтгэн зэхсэн нүүрснээсээ ачин замд гарахын өмнө пүүн дээр хиллэн, замын хуудсыг нь бичихийн өмнө “төв”-өөс ирсэн төлөөлөгчид цувааг тэргүүлэх түүхэн хувь ноогдсон жолооч С.Энхтүвшинд мөнгөн аягатай сүү мэлтэлзүүлэн барьж аян замыг нь ерөөв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн өөрөөр хэлбэл, Монгол Улсын иргэн бүр хувийг нь хүртэх ёстой нүүрсийг экспортод гаргах цувааны анхны машин хөдлөхүй доор бүх машинууд дохиогоо хангинуулан баяр хүргэхэд Гүрээ ахын хэлдгээр хамрын самсаа шархирмаар ч юм шиг.
Атар газар эзэмших үеэр газар хагалж байсан залуус ийм байсан болов уу гэмээр говийн шороо, нүүрсний нарийн ширхэгтэй пургиан дунд нүд шүд нь л гялалзан харагдах хүдэр жолооч нарын нүд нь ёстой нэг гялалзаж байна аа. Машиндаа үсрэн суух шавилхан залуу, араас нь сүүн цацал өргөх хамтрагчид нь ч, “Эрдэнэс Тавантолгой” хэмээх бичигтэй шар алаг хантааз, хамгаалалтын малгайтай залуус ч үнэхээр сэтгэл нь хөөрсөн шинжтэй харагдана. Морин хуурын чуулгын амьд хөгжмийн аялгуу доор салбар, салбарын сайд тэргүүтэн гар даллан үдэх ёслол үнэхээр сэтгэл догдлом. Өдийд зулай төөнөм нар шарч байх ёстой говийн талд энэ өдөр догшин салхи үлээж байлаа. Салхины хөлөөр дэгдэх их тоосон дунд эхний машин говийн гүдэнг даван алслах зуур цувааны тэн хагас нь ч байрнаасаа хөдөлж амжаагүй харагдана. Тус бүр нь 100 тоннын ачаатай хүнд даацын тэрэг 40 тэрэг махран хөдөлж байгаа болохоор арга ч үгүй биз.
Нүүрс ачсан машинууд “хар алт”-аа Цагаан модны боомт хүргээд эргэтэл гурав хоногийн хугацаа шаардагдана гэхээр бас л чамгүй хүнд даваа хүлээж байгаа мэт. Гэхдээ говийн жолооч нар ийм даваанд хэдийнэ “мэргэшсэн”. Зүүн урд хилийн боомт рүү өдөрт хэдэн арав, бүр зуун машин шороон замаар тоос татуулан мацна. Давхина гэж хэлэхэд арай л зохихгүй бололтой. Тээвэрлэгч компанийн захирал маргааш гарч давхиад цуваагаа тосч авна даа гэхийг бодоход хүнд даацын цуваа хэдий хурдтай явдгийг тоймлоход ойлгомжтой. Бас хил гарахад заримдаа 100-200 машин цуван хүлээж байдаг болохоор дор хаяж 8-10 цаг, бүр цаашилбал өнжин хононо дугаарладаг гэнэм. Тийм ч учраас дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх ёстой, зөвхөн автозамаар нүүрс тээвэрлэнэ гэдэг бүтэшгүй санаа гэж анхааруулж шавдуулж байгаа “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Б.Энэбишийн үгийг “Засмал зам ашиглалтад орчихвол ч нөгөө диваажинд морилно гэгч болно доо” гэж шүүрс алдах жолооч залуугийн үг хүч нэмнэ. Өнөөхөндөө ирэх наймдугаар сард ашиглалтад оруулна гэж байгаа “Энержи ресурс” компанийн тавьж байгаа замыг тэд хүлээж байгаа. Гэхдээ зүгээр ч нэг хүлээгүйгээгүй “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан бас 3,7 км сайжруулсан шороон зам тавьсан. Цаашилбал, төмөр замын асуудлыг түргэвчлүүлэх нь тэдний том зорилт болоод байгааг Б.Энэбиш захирал онцолсоор байв.
Тэртээ доор аварга экскавотор найман тоннын шанагаараа нүүрс хутган сомасвол машин дээр ачна. Энд өдгөө хоёр экскаватор, долоон сомасвал ажиллаж байгаа. Уг нь 10 сомасвалтай гэнэ. Исгэрэн хүүгэх салхин доор “Эрдэнэс Тавантолгой” компанийн Уул уурхайн газрын дарга Д.Энхбаяр уурхайгаа танилцуулж байлаа. Эднийх 160 ажилтантай.
“Ажилчдын чинь хэдэн хувь гадныхан байна” гэсэн асуултад мань дарга “Үйлчилгээний ажилтны 60 хувь нь дан манайхан. Хүнд даацын машин, эксковаторын ажилтан гээд зайлшгүй мэргэжилтэй ажилтан шаардлагатай болохоор бид гаднаас авч байна л даа” гэж бага зэрэг түгдрэх мэт болсноос “Тэгээд л Дарханаас, Эрдэнэтээс, өөр бусад аймгуудаас ажилтан авч байна л даа” гэдэг юм даа. Түсхийтэл инээд алдахаа шахав. Уг нь хэдэн гадаадын мэргэжилтэн ажилладаг вэ гэх утгаар асуусан юм л даа. Гэтэл энд ганц ч гадаадын “иргэн” ажилладаггүй юм байна. Нүүрсийг гэрээгээр тээвэрлэж байгаа компани ч бас Монголынх. Тээвэрлэгчид “Тавантолгойн ордыг 100-200 жил ашиглана гэж байгаа болохоор бид ч бас үе залгамжилсан жолооч нарыг бэлтгэж байна” гэж омгорхох. Ажилчдын дундаж цалин асуухад “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан “Дахиад л бид дөнгөж л олборлолтой эхэлж байгаа болохоор бусад компанийн шиг өндөр цалин өгч чадахгүй байна л даа” гэсэн урамгүй гэмээр тайлбар урсгах. Тэгсэн мөртлөө дундаж цалин 800-900 мянган төгрөг гэхээр нь хэт даруу яриатай хүмүүс юм уу гэж сэтгэгдэл төрмөөр. Тэдний ажил нь ч гэсэн олборлогч оператор компанийг тодруултал бэлтгэл ажлыг хангах гэсэн даруухан зорилготойгоор эхэлжээ. Гэтэл одоо экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байдаг, та нөхөд төлөвлөгөөгөө хэтэрхий давуулан биелүүлээд байгаа юм биш үү гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх хошигнох. Хариуд нь харин тэд “Монголчууд бид дангаараа ч олборлолтоо хийж чадна шүү дээ” гэх санааг цухалзуулж байна лээ. Болж өгвөл өөрсдөө олборлолтоо хийчих санаатай байгаа даг шүү. Энэ бүх ажлыг тэд 20 тэрбум төгрөгийн өртгөөр босгосон гэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” –н их ажлын эхний гараа ийнхүү өнгөтэй эрчтэй байгаад салбарын сайд Д.Зоригт бахархан баярлаж буйгаа илэрхийллээ.
Одоогоор зөвхөн Зүүн Цанхийн нүүрсийг жилд 15 сая тонныг олборлоно гэвэл 110 жилийн нөөцтэй. Гэвч энэ бол “муу тоо”. Техник технологи, зам харгуй, дэд бүтцээ сайжруулахын хэрээр жилдээ үүнээс ч ихийг олборлох ёстой гэж тэд чармайж байгаа аж.
Эдүгээ дэлхийн анхаарлыг татаад байгаа Тавантолгойн орд газрын монголчууд өнгөрсөн зуунаас буюу 1950-аад оноос “нээсэн”. Энд өмнө нь орон нутгийн өмчит “Тавантолгойтранс” компани буюу олонхийн нэрлэж заншсанаар жижиг “Тавантолгой” болон хувийн өмчит “Энержи ресурс” компани олборлолт хийн нүүрсээ экспортлож байгаа. Харин энэ удаад онцолж байгаа учир нь иргэн бүрт 536 хувьцаа олгох төрийн өмчийн уурхайн нүүрсийг анх экспортлож байгаа нь. Магадгүй зарим хүнд “Ардын засаг ч гэж юу билээ, авдаг өгдөг нь ч хаана байлаа”гэдэг шиг хэзээ хамтрагчдаа тодруулж, хэзээ ч хувиа тараагаа билээ гэсэн эргэлзэх сэтгэл төрж байсан бол энэ өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой”-н мөрөөдөл биежиж эхэлж байгаа нь энэ. Тэд одоогоор 60 тонн нүүрс экспортлоход бэлэн зэхээд байгаа бөгөөд 2,4 сая тонн нүүрс хуулан 250 мянган тонн нүүрс олборлоход бэлэн болгоод байна. Энэ жилдээ тэд 1,3 сая нүүрс экспортолж, цааш ахиулсаар 2013 он гэхэд жилд 13-15 сая тонн нүүрс худалддаг болох юм. Ямартаа ч энэ их ажлын эхлэлийн үр дүнг зарлан “Эрдэнэс Тавантолгой”-нхон нүүрсээ экспортод гаргаж эхэллээ. Өнөөдөр шороо манарууланхан нүүрсээ тээвэрлэж байгаа монголчууд маргааш засмал замаар жирийлгэж, нөгөөдөр төмөр замаар “хар алт”-аа дэлхийн зах зээлд хүргэх буй за гэсэн ерөөл талбия. Бүтээлийн зам урт, амжилт арвин байх болтугай.
Зохиогчийн эрх: "Ардын эрх" сонин