Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг зарлажээ.
Түүнийг дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулах юм. Арга хэмжээний үеэр архи, согтууруулах ундааны хэрэглэгээ багасч, оюутан төгсөгчид болон эцэг, эхийн хандлага өөр болсныг албаныхан онцолж байв.
Өчигдөр /2017.05.09/ болсон хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэгээс цөөн асуултад хариулт авлаа.
-“Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн арга хэмжээний үр дүн ямар байна вэ?
-Баяр болгон дээр гардаг архи, согтууруулах ундааны асуудал үргэлж хар бараан зүйлийг дагуулдаг. Гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх, гэр бүлийн хүчирхийлэлд автах зэрэг асуудалд гэр бүл байнга холбогддог. Тиймээс бид архины хэрэглээг багасгаж, татгалзаасай гэдэг үүднээс “Сайн үйл саруул ухаанд хөтөлнө” уриалгыг гаргаад байна. Энэхүү уриалгын дагуу 20 гаруй өдөр ажиллалаа. Өнөөдрийн байдлаар 28 их дээд, сургууль болон 35 Ерөнхий боловсролын сургууль Эрдмийн баяраа тэмдэглээд байна.
-Төгсөлтийн баярын үеэр согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон дүрэм журам гарсны дараа нууц хэрэглээ нэмэгдэх тал байдаг?
-Сүүлийн зургаан жилийн хугацаанд төгсөлтийн баярын үеэр архи хэрэглэхийг хорьж байгаа. Хориглох тусам аливаа юм руу хүн тэмүүлдэг. Тийм учраас бид эрхийг нь нээлттэй орхиод зохион байгуулалтын хувьд ямар байж болох вэ, урьдчилсан байдлаар ямар ажлыг хийж болох вэ? гэсэн санааг гаргадаг. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал өөр болсныг хэлэх гэсэн юм. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад архи, согтууруулах ундааны зүйлээс татгалзаж байгаагаа илэрхийлсээр байна. Тиймээс төгсөлтийн баярт ханддаг хандлага өөр болсон нь харагдаж байна. Цагдаагийн байгууллагын зүгээс хориглосон заалтыг тавиагүй. Харин хуурайшилтын энэ цаг үед хотоос гарч зугаалах гэж байгаа үедээ аюулгүй байдлаа сайн анхаарахыг захиж байна.
Одоогоор бидэнд төгсөлтийн баярын үеэр болсон гэмт хэрэг бүртгэгдсэн зүйл байхгүй. Цаашид оюутан, залуучуудын дунд өөрийгөө эрсдэл, аюулаас хамгаалах дархлааг бий болгох чиглэлийн ажлуудыг хийх юм. Эрдмийн баярын зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай "Эрдмийн баяр"-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын Газрын 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгоод байгаа.
БСШУЯ-ны сайдын тушаал: /Бүрэн эхээрээ/
Ч.БОЛОР