Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн өчигдөр Токио хотноо эхэллээ. Энэ башёгийн дээд зиндааг хоёр дараалан түрүүлсэн ёкозүна Кисэносато тэргүүллээ. Башёгийн баруун жигүүрийг ёкозүна Какүрюү М.Ананд тэргүүлэх бол Харүмафүжи Д.Бямбадорж зүүний дагаварт, Хакүхо М.Даваажаргал барууны дагаварт бичигдэж байна. Энэ башёгийн дээд зиндаанд монголын найман сүмоч барилдаж байгаа юм. Энд нэг мэдээллийг онцлоход өдгөө сүмогийн өрсөлдөөнд Монголын бөхчүүд илүүрхэж байна. Тэр дундаа Монгол үндэсний бөхийн аварга, арслан, гарьд, заан цол хүртэж явсан хүчит бөхчүүдийн үр удам сүмогийн дэвжээнд зодоглож буй. Ингээд дээд зиндаанд барилдаж буй бөхчүүд дунд дархан аварга Жигжидийн Мөнхбатын хүү Хакүхо М.Даваажаргал, заан Р.Даваанямын бага хүү Д.Бямбадорж, Л.Эрхбаяр начны хүү Араваши Э.Дөлгөөн нарын шилдэг сүмочид барилдаж байгаагаас гадна заан З.Дүвчин, Д.Амгаа, Ч.Батзориг нарын хүүхдүүд доод зиндаанд барилдаж байна. Нэгэн цагт сүмог Долгорсүрэн зааны хүү Асашёорюү Д.Дагвадорж сонирхолтой болгож, шуугиулж байсан. Тэгвэл түүний араас олон шилдэг сүмочид төрөн гарсаар байна.
Үргэлжлэл бий.
Ч.БОЛОР