Босогчдыг номхотгож, шархдагсдыг аварч, хүмүүнлэгийн барааг амжилттай хүргэв

Хуучирсан мэдээ: 2011.08.08-нд нийтлэгдсэн

Босогчдыг номхотгож, шархдагсдыг аварч, хүмүүнлэгийн барааг амжилттай хүргэв

Өдрийн 12.00 цагийн үед гэнэт бөмбөг дэлбэрч, хүмүүсийн орилох дцц чих дэлсэж, буутай цэргүүд дахин халдлага өртөхөөс сэргийлж хамгаалалтад гарч, зарим нь шархдсан иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Манарсан утаан дунд шархдсан хүнд тусламж үзүүлнэ гэдэг сайтар бэлтгэгдсэн цэрэг хүний хийх ажил байх. Индонезийн цэргүүд ч тэсвэр хатуужлаа харуулж шалган нэвтрүүлэх цэгт шархдсан Монголын таван иргэнд анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүргэлээ.  Шалган нэвтрэх байр гэнэтийн халдлагад өртөж,  бөмбөг дэлбэрч тэнд байсан хоёр эмэгтэй, гурван эрэгтэй шархаджээ. Тэдэнд Индонезийн энхийг сахиулагчид тусламж үзүүлэв.  Дайны байдалд байгаа энэ шалган нэвтрэх төвд бөмбөг дэлбэрснээр энгийн иргэд халдлагад өртөж, хүнд бэртэл авсан. Тиймээс иргэдийг аюулгүй байдалд шилжүүлж, яаралтай тусламж шаардлагатай хүмүүсийг  эмнэлэгт хүргэснээр Индонезийн дайчдын ажиллагаа дууслаа.

Үүний дараа шалган нэвтрүүлэх цэгээс гарч Камбожийн цэргүүдийн  хүмүүнлэгийн тусламжийн барааг аюулгүй хүргэх цэгт очлоо. Цэргүүд хүмүүнлэгийн ачааг аюулгүй газар хүргэх байсан ч өлсч, цангасан иргэд бослого гаргаж, хүмүү ачаа зөөсөн машиныг нэвтрүүлэхгүй,  эсэргүүцэл зарлаж байлаа. “Цангаж байна, ус өг”, “Идэх юм өг” гэсэн лоозон барьсан иргэд машиныг зорьчуулахгүй цэргүүд рүү дайрч байгаа нь аймшигтай харагдаж байлаа. Ядарсан нэг нь ямар ч арга хэрэглэхээр гартаа дайралдсан бүхнийг цэргүүд рүү авч шидэж байсан нь нэгэн явдлыг санагдуулах шиг. 2008 оны долдугаар сарын 1-нд иргэд л ийм л араншин гаргаж байсныг санагдуулам. Иргэдийн халдлагаас өөрсдийгөө болон тусламжийн барааг хамгаалан, аюулгүй цэгт хүргэхээр Камбожийн цэргүүд үүрэг авсан ч иргэд цэргүүд рүү довтолсоор байлаа. Жирэмсэн, хөгшин, залуугүй дайрч давшлаад гартаа дайралдсанаа шидлээд байсан ч аргагүй  тусламжийн барааг аюулгүй хүргэх үүргээ амжилттай дуусгалаа.  Уг нь тусламжийн бараа тараах цэгт хүргэж иргэдэд дэс, дараалал, дүрэм журмаар олгох учиртай аж. Хүрэх ёстой газарт нь хүргэж иргэдийг шалган нэвтрүүлэхээр нэгжиж, биеийн байцаалтыг нь шалгаж, оруулж эхэллээ. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр зарим нэг нь илүү ихийг авах гэсэн санаагаар дайрч давшилж, зөвшөөрөлгүйгээр хүмүүнлэгийн тусламжийн цэг рүү дайрах. Эхлээд жирэмсэн эмэгтэйчүүд болон өндөр настай иргэдийг нэгжиж шалган нэвтрүүлэхээр оруулж, дараа нь цугларсан хүмүүсийг нэг нэгээр нь шалгаж оруулснаар хүмүүнлэгийн бараа тараах ажиллагаа өндөрлөв.

Дараагийн цэг бол  хүмүүнлэгийн бараа болон зэвсэг хадгалах байр. Энэ цэгийг монгол цэргүүд хамгаалдаг юм байна. Энд тосгоны иргэд хүмүүнлэгийн цэгийн хамгаалалтын бүс рүү дайрч, эсэргүүцэл илэрхийлж байлаа. Учир нь иргэдийн амгалан тайван байдалд тус агуулах нөлөөлж байгаа бөгөөд иргэд тайван амьдрахыг шаардаж цэргүүдийг газар чөлөөлж өгөхийг шаардав. НҮБ-ийн хүмүүнлэгийн бараа хадгалах агуулахыг иргэдэд тусламж хүргэхэд ойр цэгийг сонгож байрлуулан, тухайн газар нутагт харуул хамгаалалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг аж. Харин тухайн тосгоны хүмүүс газар чөлөөлөхийг шаардан жагсаал зохион байгуулж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. “НҮБ-ийнхэн зайл” гэх уриатай бичиг барьсан иргэд хамгаалалтад гарсан цэргүүд рүү дайрч байсан юм. Босогчдын толгойлогч хамгаалалтын бүсийн удирдагчтай уулзах шаардлага тавьж хэсэг хугацааны дараа босогчдыг төлөөлж хоёр хүн дотогш нэвтрэхээр болов. НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааны тусгай хамгаалалттай бүс учир босогчдын төлөөллийг сайтар нэгжиж, шалгаж орууллаа. Үүний дараа хүмүүнлэгийн  тусламжийн хамгаалах цэгийн удирдагчтай уулзаж,  зөвшилцөлд хүрснээр жагсагчид тарлаа.

Энэ бүхэн бодит биш, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд “Khaan quest -2011” олон улсын хамтарсан энхийг сахиулах сургалтын нэг хэсэг. Дэлхийн 16 орны 1100 залуус энхийг сахиулах ажиллагааны талаарх мэдлэг чадвараа бусадтай хуваалцаж, бие биедээ зааж сургаж байгаа нь энэ. Тавантолгойн сургалтын цэгт зэвсэг хураах, НҮБ-ийн шалган нэвтрүүлэх, ажиглах, бүслэн нэгжих ажиллагааны, явган эргүүлийн, цувааны онолын, эмнэлгийн анхан шатны, цувааны хамгаалалтын цэг, Командын байр гэсэн цэгүүдэд сургуулилт хийж байгаа аж.  “Энхийг сахиулагчдын сургууль жил ирэх тусам өргөжиж, амжилттай болж байгаа.  Монгол Улсын хувьд эмэгтэй цэргүүд их оролцож байгаагаараа онцлог. Эдгээр эмэгтэйчүүд эсрэг дүр буюу шархадагсад, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах  зэрэг жүжиглэлтийг маш сайн гүйцэтгэж байгаа. Олон орны цэрэг, дайчид бусдаасаа олон зүйл сурч эзэмшиж байгаад баяртай байна” гэж АНУ-ын хурандаа Стив Меррил хэлж байсан. Энэ жил 30 эмэгтэй цэрэг, дайчин сургалтад оролцож байгаа бөгөөд 10 нь гадаадын цэрэг байгаа гэв.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран өнгөрсөн баасан гаригт “Khaan quest -2011” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн үеэр “Хэвлэл мэдээллийн өдөр”-ийг зохион байгуулсан юм. Өдөрлөгийн үеэр сэтгүүлчид Энхийг сахиулагчдын сургалтын үйл явц, эмнэлэг хүмүүнлэгийн ажиллагаатай танилцаж, АНУ-ын цэргийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай ажил мэргэжлийн уулзалт зохион байгуулсан.  АНУ-аас найман хүний бүрэлдхүүнтэй хэвлэл мэдээллийн баг ирсэн бөгөөд эдгээр сэтгүүлчид цэргийн сэтгүүлч дайны үед ямар нөхцөл байдлаар ажилладаг талаар ярилцсан. Дайны бүст иргэдэд болж буй үйл явцыг бодитоор харуулахаас гадна, иргэдэд мэдээлж болохгүй зүйл байдаг гэнэ. Энэ уулзалтад АНУ-ын тэнгисийн цэргийн сэтгүүлч  Le Mark, Molly нар оролцсон. Тэд өмнө нь Ирак, Катар, Филлипин зэрэг олон улс оронд ажиллаж байсан гэнэ.

Molly “Би энхийг сахиулах олон ажиллагаанд оролцож байсан. Гэхдээ одоогийн бүрэлдэхүүнээр биш тухайн үед хаана очихоосоо шатгаалж баг бүрдүүлэн ажилладаг. Энд бид эмнэлгийн цэгт нэг зурагчин, нэг зураглаач, сургуулийн бүст  зурагчин, зураглаач, сэтгүүлч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа. Бид ихэвчлэн хэвлэл мэдээллийн сэтгүүлчид хэрхэн хамтарч ажиллах, болж буй үйл явцыг яаж мэдээллэх тал дээр ажилладаг. Хэдийгээр бид одоо сургуулилт хийж байгаа ч жинхэнэ байна уу, сургуулилт байна уу ялгаагүй тухайн үйл явцыг олон нийтэд мэдээлэх нь чухал байдаг. Бид цахилгаангүй, интернэт байхгүй гээд янз бүрийн нөхцөлд ажиллаж байсан. Гэсэн ч бид иргэдэд мэдээлэл хүргэх нь чухал учраас тухайн нөхцөл байдалд хэрхэн ажиллахаа төлөвлөсөн байх шаардлагатай. Түүнчлэн энэ удаагийн сургалт амжилттай явагдаж байгаа бөгөөд хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна” гэдгээ илэрхийлж байсан.

Уулзалтын дараа Хан-Уул дүүргийн IX хороонд байрлах “Аяут” өрхийн эмнэлгийн цэгт очсон юм. Энэ жил хүмүүнлэгийн тусламжаар Хан-Уул дүүргийн  IX хорооны өрхийн эмнэлгийн өргөтгөлийг барьж байгаа юм байна. Барилгын өргөтгөлийн ажлыг энэ сарын 10-нд дуусгаж хүлээлгэж өгөх юм байна.  ЗХЖШ-ын барилгын цэргийн ангийн дэд хурандаа Ц.Ганболд “Барилга дээр АНУ-ын 33, АНУ-ын тэнгисийн цэргийн найм, Монголын 15 цэрэг, инженер ажиллаж байна. Энэ барилга Зэвсэгт хүчин жанжин штабын барилгын цэргийн ангийн барьж буй анхны карказан барилга. 50 жилийн баталгаатай” гэлээ.  Мөн  АНУ, Канад, Монгол эмч нар тус дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн иргэдэд үнэгүй үзлэг, эмчилгээ хийж, эм тариа олгож байгаа аж. Эмчийн зааврын дагуу олгож байгаа эмийг Монгол Улсад борлуул байгаа эмнүүд гэв. Энэ сарын 5-12-ны хооронд эмч нар үнэгүй үзлэг хийж байгаа юм байна. Үзлэгийг тус дүүргийн долдугаар сургуулийн байранд хийж байгаа гэнэ. Ийнхүү Энхийг сахиулагчдын нэг өдрийн сургуулилт үйл ажиллгаатай танилцаж өнгөрөөв. “Khaan quest -2011” энхийг сахиулах сургууль энэ сарын 12-ны өдөр дуусах юм байна.

Ш.ЧИМЭГ

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж