Өнөөдөр зөвхөн аялал жуулчлалын салбараасаа төсвийнхөө дийлэнх хэсгийг бүрдүүлдэг улс орнууд нэлээдгүй бий. Учир нь аялал жуулчлалын салбар нь байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар эдийн засгийнхаа бааз суурийг нэмэгдүүлэх, хүн амын орлогыг өсгөх боломжийг олгодог юм. Тиймээс манай улсын хувьд ч мөн жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалаас олох орлогыг өсгөх зорилт тавьдаг.
Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар 2017-2021 онд Орхон аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр боловсруулан өчигдөр аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. Энэхүү дэд хөтөлбөрийг хэрэгжүүлснээр орон нутгийн онцлог давуу тал, нөөц боломжид тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалын менежментийг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, Хөвсгөл-Байгаль нуур чиглэлийн аялал жуулчлалын дундын түшиц газар болох зорилт тавьж байна.
Үүний хүрээнд салбарын судалгаа мэдээллийн системийг боловсронгуй болгох, жуулчдад зориулсан мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, Орхон аймгийн онцлогийг харуулсан аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ би болгон хөгжүүлэх нэн шаардлагатай байна.
Аймгийн хувьд одоогийн байдлаар 581 ор бүхий 26 зочид буудал, 125 ор бүхий 16 дэн буудал, 10 гаруй бөөний худалдааны төв, 40 гаруй ресторан зоогийн газар байдгаас стандартын шаардлага хангасан 3 одтой зочид буудал нэг, 1 одтой зочид буудал нэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс гадна зам харилцаа, холбоо мэдээлэл, дэд бүтэц сайн хөгжсөн, Хөвсгөл нуур тийш зорчих замын дунд оршдог, зарим нэг түүхэн дурсгалт газар, археологийн олдвор малтлагууд байдаг нь аялал жуулчлалын дундын бүс болон хөгжих боломж байгааг харуулж байна.
Юутай ч аялал жуулчлалыг 2017-2021 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр батлагдвал аймаг орон нутгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд өсөх боломжтой юм.
ЭХ СУРВАЛЖ: ERDENET.MN