УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд гишүүдийн 83 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлэх үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах цэцэрлэг, сургууль орон нутагт байхгүй байгаад анхаарч, судалгааг нарийвчлан, хаана зорилтот сургууль, цэцэрлэг байгуулах шаардлагатай вэ гэдгийг нарийвчлах. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүр нийгмийн амьдралд тэгш оролцох нөхцөлөөр хангах, нийгмийн амьдралд оролцоход шаардагдах дэд бүтцийг бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тусгай сургуульд сургах гэхээс илүү энгийн хүүхдүүдтэй нэгэн адил нөхцөлд сургах, нийгэм хамт олны дунд хүмүүжүүлэхэд анхаарах ёстой гэсэн санал дэвшүүлсэн юм.
Мөн хуралдаанаар Хог хаягдлын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 77.1 хувийн саналаар баталлаа.
Хүн амын өсөлт, хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгдэхийн зэрэгцээ төрөл, бүтцийн хувьд ч өөрчлөгдөх болжээ. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байсан бол 2014 онд 2.4 сая тонн болж, даруй 3 дахин нэмэгдсэн байна.
Өсөн нэмэгдэж буй хог хаягдал, олон жилийн турш зайлуулагдаагүй аюултай хог хаягдлын улмаас хөрс, ус, агаар бохирдож, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болсон. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засаг, технологийн хурдацтай хөгжил, байгаль орчинд тавигдах шаардлагыг бүрэн хангаж чадахгүй байгаа учраас шинэчлэн боловсруулсан нь энэ аж.
Хууль батлагдсанаар хог хаягдлыг ангилан ялгах, дахин ашиглах, дахин боловсруулах, сэргээн ашиглах замаар эдийн засгийн эргэлтэнд оруулах, эдгээр үйл ажиллагааг эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулах. Ногоон худалдан авалтыг дэмжих, энгийн хог хаягдал цуглуулж, тээвэрлэх, сэргээн ашиглах, дахин боловсруулах, урьдчилан боловсруулах, устгах үйл ажиллагаа явуулах болж, нарийвчлагдаж байна.