2018 оны цагаан олимпийн нийслэл, Өмнөд Солонгосын Пёнчан хотноо дэлхийн спортын сэтгүүлчид чуулж байна.
AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн 80 дахь удаагийн чуулганд дэлхийн 100 гаруй орны 250 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.
Манай улсаас Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, дэд ерөнхийлөгч Б.Цагаанбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүн, МҮОНРТ-ийн спортын сэтгүүлч Д.Батжаргал нар төлөөлөн оролцож байна.
Тавдугаар сарын 9-13-ныг хүртэл үргэлжлэх тус чуулганаар олон улсын спортын сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх чөлөө, үнэн бодит мэдээлэл түгээх байдал, спортын салбар дахь авлига, хээл хахууль болоод допингийн асуудлаар санал бодлоо солилцож, хэлэлцэх ажээ. Чуулганы сүүлийн өдөр ирэх дөрвөн жилд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог удирдах ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, санхүүч болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох юм.
Олон улсын спортын сэтгүүлчдийн чуулган энэ гурав дахь удаагаа Өмнөд Солонгост болж байна. БНСУ өмнө нь 1987, 2011 онд чуулганыг зохион байгуулж байжээ.
С.ЦЭЛМЭГ